Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгчийн холбогдсон хэргийн анхны шүүх хурал өнөөдөр болно

2016-12-19 14:26:58

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох Чой Сун Силийг шүүх хурал өнөөдөр эхлэх юм байна. Тэрбээр өөрийн байгуулсан сандаа хууль бусаар мөнгө татан төвлөрүүлсэн нь нэгэнт тодорхой болсон учир энэ шүүхийн хурлын үеэр олны анхаарлыг татах гол зүйл нь Ерөнхийлөгч энэ хэрэгт оролцсон эсэх тухай мэдүүлэг байхаар байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн 40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Сил болон Ерөнхийлөгчийн хоёр туслахтай холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сөүлийн төвийн дүүргийн шүүх дээр эхлэх тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ Шүүхийн эхний сонсголын өдөр хэргийн гол эзэн Чой Сун Сил өөрийн биеэр ирж, оролцох эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдрийн шүүх хурал Чой Сун Силээс гадна энэ хэрэгтэй холбоотой Ерөнхийлөгчийн бодлого зохицуулалтыг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ан Чон-Бум Чой Сун Силийн байгуулсан хоёр төрийн бус байгууллагад нийт 65 сая долларыг хандивлахыг компаниудаас шаардан, дарамт учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Прокурорынхны мэдэгдэж байгаагаар энэ санг Чой Сун Сил Ерөнхийлөгч Пакийн хүсэлтээр байгуулж, ажиллуулдаг байсан. Иймд тэд хоёулаа эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө хууль бусаар олж авсан хэрэгт буруутгагдан яллагдах ёстой гэж үзэж байна. Энэ зуур Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Жеон Ху Сьён Ерөнхийлөгч Пакийн даалгавраар 47 гаруй нууцын зэрэглэлтэй материалыг Чой Сун Силд дамжуулсан гэж сэжиглэгдэж байна.

Прокурорынхны дэлгэж байгаа мэдээллээр бол 2015 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Пак Гын Хэ бизнес эрхлэгчидтэй хэд хэдэн тусдаа уулзалт зохион байгуулж, улсынхаа спорт, соёл урлагийг дэмжих зорилгоор сан байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.  Харин Ерөнхийлөгч Пак прокурорынхны энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж байгаа юм.

Дуулиан шуугиан дагуулсан энэ хэрэг Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явуулахад хүргэсэн бөгөөд одоо ард түмэн Ерөнхийлөгч энэ хэрэгт үнэхээр оролцсон эсэх талаар түүний найз Чой Сун Сил шүүх дээр юу гэж мэдүүлэхийг анхааралтай ажиглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн холбогдсон хэргийн анхны шүүх хурал өнөөдөр болно   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй