БНХАУ усан доорх дроныг Америкийн талд эргүүлэн өгнө гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ тухай мэдэгдэхдээ Өмнөд Хятадын тэнгист барьж саатуулсан Америкийн дроныг улсад нь эргүүлэн өгнө гэсэн байна.
Мөн АНУ-ыг энэ мэт цэргийн тагнуул хийхээ зогсоохыг Хятадын талаас санууллаа. Харин Америкийн Батлан хамгаалах яамнаас өмнө нь энэ тухай тайлбар хийхдээ өнгөрсөн пүрэв гарагт Филиппиний баруун хойд нутгийн Лузон арлын усан хил орчимд Америкийн усан доорх дроныг Хятадын хөлөг онгоц барьж авсан гэж мэдэгдсэн бөгөөд Хятадын энэ үйлдлийг хурцаар шүүмжлээд байсан юм. Үүний хариу болгож Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Янг Ю Жүн мэдэгдэл хийж, Америкийн шүүмжлэлийн хариуд тэднийг буруутгаж, дроныг нь асуудалгүй эргүүлэн өгнө гэж мэдэгдлээ.
Түүний хэлж байгаагаар Хятадын тэнгисийн цэрэг Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх төхөөрөмжийг олж илрүүлсэн учир хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд дроныг барьж авч, шинжлэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна. Үүний үр дүнд тус төхөөрөмж нь АНУ-ын жолоочгүй шумбагч болохыг олж тогтоосон учир улсад нь эргүүлэн өгөхөөр боллоо гэсэн юм.
Мөн Хятад улс аливаа улсын ийм үйлдлийг огт дэмжихгүй бөгөөд цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгээ хатуу мэдэгдлээ.

| БНХАУ АНУ-ын шумбагч дроныг эргүүлэн өгнө | ||
| Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.