Шууд Chart

Шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцож байсан хүмүүс рүү хүнд даацын ачааны машинаар дайрчээ

2016-12-20 11:19:17

Берлин хотын төвд буюу Кайзер Вильгельмийн сүмээс холгүйхэн орших Брайтшайдплацад  зохион байгуулагдсан шинэ жилийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг хүнд даацын ачааны машинаар “тараан” бусниулжээ.  Эмгэнэлт үйл явдлын хохирогчоор 12 хүн өртөж, 50 хүн гэмтэж бэртжээ. Берлиний цагдаагийн газар, ачааны тэрэгний жолооч яг ямар үйлдэл хийх гэж байсан нь тодорхойгүй байгаа учир  болсон үйл явдлыг одоогийн байдлаар алан хядах үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа юм.

Хэргийн  судалгааг  Германы ерөнхий прокурорын газар  хийхээр болжээ. Хэрэг явдал 12 дугаарын сарын 19-ны орой болсон аж. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар үзэсгэлэн худалдаа дүүрэн хүнтэй байжээ. Цагдаагийнхны тэмдэглэснээр ачааны тэрэгний жолооч хүмүүс рүү машинаараа дайрах бодолтой байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ачааны машины кабин дотор хоёр хүн сууж явсан бөгөөд нэг нь газар дээрээ нас барж, харин зарим хүмүүсийн мэдээлж байгаагаар  Афганистаны иргэн байх магадлалтай хоёр дахь этгээдийг зугтах гэж байхад нь баривчилжээ. “Polska Wyborcza” сонин, ачааны машин Польшийн тээвэр зуучийн нэгэн компанид харьяалагддаг болохыг мэдээлсэн байна.Тус компанийн эзэмшигч ачааны машины жолооч өнгөрөгч өдрийн 16 цагаас хойш  холбоогүй байсан нь  хулгайлагдсан байх магадлалтай хэмээн мэдэгджээ.

Берлины Цагдаагийн газар ачааны машин польш дугаартай байсныг мэдээлсэн. Ачааны машин Кантштрасс гудамжнаас үзэсгэлэн худалдаа руу орж ирсэн байсан гэж Хотын цагдаагийн газрын дарга хэлсэн байна.  Ачааны машин эхлээд лангуунуудын  дундуур явж байгаад, замаа өөрчлөн Будапестерштрасс гудамж руу эргэхдээ нэгэн лангууг тэр чигээр нь дайрч гарчээ.

Болсон үйл явдлын улмаас есөн хүн нас барж, 50 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Тэдний дунд гадаадын аялагчид байгаа  гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж байна. Берлины цагдаагийн газраас хүмүүсийг гэртээ байж, амар тайван байхыг хичээж, хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ аюул өсөх нөхцөл байдал тогтворжсон гэдгийг  хууль сахиулах байгууллагаас мэдэгджээ. Хотын удирдлага хот хяналтад байгаа гэдгийг мөн хэлсэн байна. Европын холбооны хөрш зэргэлдээ орнууд болсон үйл явдалд болон нас барсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсээр байна. Английн ГХЯ-наас тус улсад оршин сууж буй иргэдээ Берлин хотын гудамж талбайгаар явахгүй байхыг  уриалсан бол Чех болон Франц улсын Дотоод хэргийн яамд террорист аюулын   эсрэг авах арга хэмжээгээ чангатгахаа мэдэгджээ.

Евро-зөвлөлийн дарга  Дональд Туск Герман улсад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол  Вашингтон албан ёсны тайланг хүлээлгүйгээр, болсон үйл явдлыг  алан хядах үйл ажиллагаа хэмээгээд, хэрэгтнийг эрж хайх ажилд хамтран ажиллахаа мэдэгджээ. Португалийн Гадаад хэргийн сайд Аугушто Сантуш Силва  энэ үйл явдал терроризмтай хийх тэмцэлд нийтээрээ хариу өгөхийг шаардаж байна гэсэн бол  Итали улс жигшүүрт хэрэг хэмээн нэрлэжээ. Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда шархадсан хүмүүсийн төлөө залбирахыг уриалсан байна. Испанийн  Дотоод хэргийн яам Засгийн газрынхаа өмнөөс “санаанд ч оромгүй” энэ явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцож байсан хүмүүс рүү хүнд даацын ачааны машинаар дайрчээ   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй