Шууд Chart

Анкара хотноо ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэргийг зэмлэн буруушааж байна

2016-12-21 09:07:07

Олон улсын хамтын нийгэмлэгийнхэн, дэлхийн улс орнуудын удирдагчид  Туркийн  Анкара  хотноо ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэргийг  зэмлэн  буруушааж  байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  энэ  хэргийг  террорист  халдлага  гэж  үзэж  байгааг  илэрхийлсний зэрэгцээ халдлага  үйлдсэн,  зохион байгуулсан, ивээн  тэтгэсэн этгээдүүдэд хариуцлага тооцох  шаардлагатайг  мэдэгдэлдээ  тэмдэглэсэн  байна.

Үүний зэрэгцээ  НҮБ-ын  аюулгүйн зөвлөлөөс  амиа алдсан Оросын  дипломат ажилтны  ар гэрийнхэнд, ОХУ-ын  эрх баригчдад  эмгэнэл  илэрхийлсэн  байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун  мөн  юугаар ч зөвтгөж  болшгүй террорист  халдлага  гарлаа хэмээн үзэж  байгаагаа илэрхийлсний зэрэгцээ нөхцөл  байдлыг  цаашид анхааралтай  ажиглахаа мэдэгдсэн  байна.

Түүнчлэн  энэ халдлагын үеэр гэмтэж, шархадсан хүмүүст хурдан эдгэхийг хүссэн байна. Европын Холбооны  зүгээс  ч  Турк  дахь ОХУ-ын  Элчин сайд Андрей Карловын  амь насанд  халдсаныг  эрс  зэмлэн буруушааж  байгаагаа илэрхийллээ.  Мөн АНУ Оросын  дипломатчийн  аминд халдсан хэргийг эрс зэмлэн  буруушааж байгаагаа илэрхийлсний  хамтаар   ОХУ  болон Туркийн  талд хандаж   Оросын  Элчин сайдын амь насанд  халдсан хэргийг  мөрдөн  шалгахад дэмжлэг  тусламж  үзүүлэхэд  бэлэн  байгааг мэдэгдсэн  байна. 

Энэ тухай  АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга  Жон Керри мэдэгдсэн  бөгөөд  энэ хэрэг  бол  дэлхий  дахинд  өөрийн  улс  орны  ашиг  сонирхлыг  төлөөлж, хамгаалахдаа  бүрэн  аюулгүй  байх  бүх  дипломатчдын  эрхэнд халдсан хэрэг  боллоо  хэмээн онцлон мэдэгджээ. Америкийн Цагаан ордноос  ч  энэ хэргийг  эрс зэмлэн  буруушааж байгаагаа илэрхийлж  ОХУ, Турк улстай  эв санаа нэг  байгаагаа,  бүх хэлбэрийн  терроризмын эсрэг тэмцэх  болно  хэмээн мэдэгдэж  байна.

Мөн  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Арабын  улс орнуудын  холбоо,  Их Британи,  Франц, Хятад, Герман, Испани Канад  гээд  олон  орны  эрх баригчид Оросын дипломат  төлөөлөгчийн  аминд  халдсан хэргийг  эрс зэмлэн буруушааж байгаагаа, ар гэрийнхэнд  нь болон  Оросын  эрх баригчдад хандаж эмгэнэл илэрхийлж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкара хотноо ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэргийг зэмлэн буруушааж байна   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй