Кристин Лагардыг Францын шүүхээс ажилдаа хайнга хандсанд буруутай гэж үзсэн ч тэрбээр Олон улсын валютын сангийн тэргүүний үүрэгт ажлаа цаашид ч үргэлжлүүлэх болно. Энэ тухай олон улсын санхүүгийн тус байгууллагын захирлуудын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Кристин Лагард захирлуудын зөвлөлд хандаж өндөр итгэл хүлээлгэсэнд талархаж байгаагаа илэрхийлсний хамтаар цаашид улам хичээн ажиллахаа амалсан байна. Францын шүүх Олон улсын валютын сангийн тэргүүн Лагардыг тус улсын сангийн сайдаар ажиллаж байхдаа ажилдаа хайнга хандсан буруутай гэсэн шийдвэр гаргасан ч ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй байна.
Хатагтай Лагардын нэр 1990 оноос эхтэй Тапигийн гэж нэрийдсэн хэрэгтэй холбогдох болсон юм. 1992 онд тус улсын Ерөнхийлөгч Франсуа Миттеран тухайн үед Францдаа нэрд гарч байсан бизнесмэн Бернар Тапиг хотуудын асуудал эрхэлсэн сайдаар томилсон юм. Тэр үед Адидас компаниа ашиг сонирхлын зөрчилд орохгүйн тулд худалдах шаардлагыг түүнд тавьж байсан. Энэ дагуу Францын төрийн мэдлийн Кредит Ионнайс банкны зуучлалтайгаар Адидас компаниа худалдсан юм. Гэвч 1994 онд бизнесмэн Тапи дампуурлаа зарлаж банкныхныг үүндээ буруутгасан.
Харин 1996 онд Парисын худалдааны шүүх дээр Тапи болон банкны хоорондох маргааныг шүүх болсон. 2007 онд шүүх бие даасан шинжээчдийн хороогоор энэ хэргийг хянан шийдвэрлүүлэх шийдвэр гаргасан. Харин тус хороо Тапип 403 сая еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасныг тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Лагард дэмжин баталсан юм.
Үүнээс болоод Кристин Лагарт сөрөг хүчнийхэн төдийгүй олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч байсан. Улмаар 2011 онд Францын ерөнхий прокурор Жан Луи Надаль Кристин Лагардын дээрх алхмыг нягтлан шалгах санаачилга гаргаснаар уржигдрын шүүх хурал болсон юм.
| Кристин Лагардыг Францын шүүх буруутгасан ч ОУВС-гийн тэргүүнээрээ үлдэнэ | ||
| Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.