Орхон аймгийн онцгой комисс хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэн үед хэрхэн ажиллах болон, хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны үеэр Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий өвөлжилтийн цаг үеийн байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн тус аймагт их хэмжээний хур тунадас орж, цочир хүйтэрсэн.
Үүний улмаас хоёр сумын 23.5 мянган толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд ороод байна. Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см байжээ. Цасны зузаан хамгийн их хэсэг нь 23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байгааг тогтоосон байна. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад Орхон аймгийн Баян-Өндөр суманд зудын байдал, Жаргалант суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байгаа аж. Түүнчлэн 2016 оны мал тооллогын мэдээгээр малчид өөрсдийн бэлтгэсэн хадлангийн 30-40 хувийг хэрэглээд байгаа аж. Иймээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл аймгийн өвс тэжээлийн нөөцийг задлахгүй байх чиглэлийг өгсөн байна.
Энэ онд тус аймгийн аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл, Жаргалант сумын хувьд 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс, 28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна. Мөн Баян-өндөр суманд борлуулахаар бэлтгэсэн 6 мянган боодол өвснөөс 3 мянган боодол нь зарагдсан бөгөөд боодол өвсний үнэ өнөөгийн байдлаар 6500 орчим төгрөг байгаа аж. Цаашид өвс тэжээлийн үнэ өсөх хандлагатай байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор комиссын гишүүд дараах саналуудыг гаргалаа.
Үүнд, аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах, өвс тэжээлийн тараалтад анхаарах зэрэг багтжээ. Энэ нь өвсийг 4000 төгрөг, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгоно гэсэн үг юм.
Мөн цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэхийг үүрэгдсэн байна. Үүнээс гадна малчдад туслах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо.
| Орхон аймгийн онцгой комисс хуралдлаа | ||
| Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.