Шууд Chart

Сирийн засгийн газрын хүчин Алеппо хотод бүрэн хяналтаа тогтоолоо

2016-12-25 11:05:35

Сирийн засгийн газрын хүчин  Алеппо  хотод  бүрэн  хяналтаа тогтоогоод  байна.  Зэвсэгт  сөрөг хүчний сүүлчийн гишүүд нь  тус хотын  зүүн  дүүргээс гарсны  дараа  Сирийн  армийн төлөөлөгч   ийнхүү  мэдэгджээ.

Сирийн  зэвсэгт хүчнйи Ерөнхий командлагч,  тус улсын Ерөнхийлөгч  Башар  Асад  Алеппо  хотод энх тайван, аюулгүй байдал сэргэснийг  зарласан  байна.   Тэрээр энэ ялалт бол  терроризмын эсрэг хийж буй  тус улсын тэмцлийн стратегийн эргэлт,  онцгой чухал  үе  хэмээн тодорхойлж  байна.  Өчигдөр орой  босогчид болоод  ар гэрийнхнийг нь  суулгасан  15 машин, 4 автобус тус хотын зүүн дүүргээс гарсан  байна.   

Өнөөдрөөс Сирийн армийн  саперууд  чөлөөлөгдсөн  дүүргүүдэд  ажиллаж эхлэх юм байна. Сирид иргэний дайн эхэлснээс хойш 5 жилийн  хугацаа өнгөрч байна.  2011 оны  эхээр  Ойрхи Дорнодын бүс нутагт   арабын хувьсгалын  давалгаа өрнөж эхэлсэн. Тодруулбал 5 жилийн өмнөх  3 р сарын эхээр Сирийн баруун  өмнөд  нутгийн Дераа хотын  өсвөр насны хөвгүүд  Ерөнхийлөгч Башар асадад  хандсан уриалгаа  гудамжинд  граффитигээр  бичиж үүнээсээ болж баривчлагдсан.    Харин  3 р сарын 15 ны өдөр тэднийг  суллахыг шаардсан жагсаал  цуглаан  Дераа төдийгүй  Дамаск, Алеппо зэрэг хотуудад нэгэн  зэрэг болсон юм.

Эсэргүүцлийн  энэ жагсаалын үр дүнд тэднийг  суллаж чадсан ч  олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн арабын хувьсгалын жороор  өрнөж  Ерөнхийлөгч  Асадийг  огцруулах  тэмцэл  болон хувирч эцэстээ  иргэний дайны гал  энэ улсад  асахад хүргэсэн.  НҮБ-ын  мэдээгээр Сирийн  дайнаас болж   амиа  алдсан хүний тоо 250 мянгыг давж, Сирийн 11 сая  иргэн  орон гэрээ орхин дүрвэсэн нь  Европын  орнуудыг  ч  өнөөдөр   хямралд  автуулаад  байна. Сирийн дүрвэгсдийн хөлд  Турк, Ливан, Иордан  улсууд  дарагдсаны зэрэгцээ  дэлхийн  2-р дайнаас хойшхи  цагаач, дүрвэгсдийн хямралыг  ийнхүү үүсгээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн засгийн газрын хүчин Алеппо хотод бүрэн хяналтаа тогтоолоо  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй