Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаалд 250 мянган хүн оролцлоо

2016-12-26 13:30:00

Өмнөд Солонгосын улс төрд нүүрлэсэн хямрал баярын өдрүүдэд ч ард иргэдийг жагсахад хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу зул сарын баярын өдөр иргэд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан өргөн хэмжээний жагсаалыг зохион байгууллаа.

Нийслэл Сөүл хотын төвд байрлах Гванхвамун талбайд болсон энэ жагсаалд 250.000 хүн оролцсон болохыг "Ёнхап" агентлаг уламжилж байна. Тэд зул сарын баяртай холбоотойгоор Санта клаусын хувцас өмсөж, улс эх орноо улс төрийн хямралаас хурдан гарахыг бэлгэдэж харанхуйг гэрэлтүүлэх лаа барин жагссан байна.

Олон нийтийн шаардлагаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэхгүй гэдэг шийдвэрийг парламент гаргасан ч түүнийг нь үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байгаа. Иймд олон нийт үндсэн хуулийн шүүхийг ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж, одоогийн Ерөнхийлөгчийг яаралтай огцруулахыг шаардаж ийнхүү дахин жагсаж байна.

Мөн жагсаалтай зэрэгцээд дуулиан шуугианы гол эзэн, Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг байцаасан байна. Түүнийг авлига авсан, төрийн нууц хэрэгт оролцсон гэх хэрэгт буруутган байцааж байгаа. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн ойрын хоёр туслахыг мөн л төрийн нууц задруулсан, авлига хээл хахуул авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэдний холбогдсон хэргийн цаана 77 тэрбум вонын авлигын хэрэг яригдаж байгаа учир буруутай нь тогтоогдвол багагүй хугацаанд шоронд хоригдох ял сонсох болов уу гэж ажиглагчид үзэж байна. Үндсэн хуулийн шүүх талуудын мэдүүлэг болон байцаалтад үндэслэн хэргийг нэг мөр шийдвэрлэх бөгөөд хэрэг хэлэлцэх хугацаа нь 180 хоног тул энэ хугацааг наашлуулж, хэргийг хурдан шийдвэрлэхийг олон нийт шаардан өнгөрсөн амралтын өдрүүдэд жагслаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаалд 250 мянган хүн оролцлоо   
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй