Өнөөдөр 11:00 цаг Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Г.Уянга, Гал үндэстэн холбоо, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн хамтран хэвлэлийн хурал зарласан. Тэд Ц.Мөнхбаяр даргадаа өмгөөлөгч авах хэрэгтэй байгаагаа мэдэгдсэн юм. Мөн өмгөөлөгч авах мөнгө байхгүй учраас хандивын данс нээж байгааг албан ёсоор зарлалаа.
Г.Уянга гишүүн хэлэхдээ “Мөнхбаярыг хувь хүнийх нь үүднээс дэмжиж явдаг. Түүн шиг эх орныхоо төлөө зүтгэж явдаг хүн байхгүй. Тэр бол дахин төрөхгүй эх оронч, байгаль дэлхийгээ хамгаалах заяатай хүн” гэлээ.
Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Хундаганайгаас тодруулга авсан юм.
-Гал үндэстэн болон бусад бүлгэмийн гишүүд хоригдсон. Танай энэ хүмүүсийн асуудал одоо ямар түвшинд байна вэ?
-“Гал үндэстэн” холбооны нэг бүлгэм бол “Гол нууруудын нэгдсэн” хөдөлгөөн юм. Энэ бүлгэм урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хуулийнхаа төслийг 30 минутын дотор татаж ав гэсэн шаардлагыг эрх баригчдад өгч жагсаал хийсэн. Энэ үеэр буу зэвсэг авч явснаасаа болж манай холбооны хэд хэдэн хүн хоригдоод байгаа. Одоогоор манай хүмүүсийг буу зэвсэг, тэсрэх бодисны асуудлаар л шалгаж байгаа л гэсэн ойлголттой явна. Уг нь урьдчилан хорих хугацаа дууссан бол хугацааг нь сунгах мэдээлэл хийх хэрэгтэй. Гэвч Ц.Мөнхбаярыг хоригдсоноос хойш нэг ч удаа эргэлт оруулахгүй мөн энэ хүнтэй холбоотой мэдээлэл хийхгүй байгаа болохоор ямар нэгэн юм хэлэхэд хэцүү байна.
- Ц.Мөнхбаярын өмгөөлөгч та нарт ямар мэдээлэл өгч байна вэ?
-Ц.Мөнхбаярын өмгөөлөгч хэргийн талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээд хэрэггүй. Харин зөвхөн энэ хүмүүсийнхээ хийсэн үйл ажиллагааг л зөвтгөх талаас нь ажиллаарай. Мөн ажлыг нь унагахгүй явах нь та нарын хувьд зөв үйлдэл гэж хэлсэн. Тийм ч учраас бид урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг эсэргүүцэж ажлын хэсэг байгуулан БОНХЯ-нд шаардлага хүргүүлээд байгаа.
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахдаа заавал буу, тэсрэх бодис авч ирэх шаардлагатай байсан уу. Энэ тал дээр таны байр суурь?
-Энэ нь тухайн бүлгэмийн өөрсдийн хүсэл зоригоороо хийсэн зүйл учраас үйлдлийг нь буруу гэхэд утгагүй. Харин тэднийг ийм байдалд хүргэсэн шалтгааныг л бид хайж байна. Яагаад гэвэл урт нэртэй хуулийг эсэргүүцэн тус бүлгэмийн тавьсан хүсэлтүүдийг эрх баригчид ерөөсөө сонсоогүй, хүсэлтэд нь хариу өгөөгүй. Тийм учраас хариу өгөөгүй тэр хүмүүс л буруутай гэж үзэж байна.
-Баярлалаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Гал үндэстэн холбоо хамтран мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 2243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.