Шууд Chart

Осолдсон Ту-154 онгоцны нэг хар хайрцаг олджээ

2016-12-27 19:36:20

Өнгөрөгч ням гарагт Оросын батлан хамгаалах яамны Ту-154 цэргийн нисэх онгоц осолдож, дотор нь зорчиж явсан 92 хүн бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэдний цогцос болон онгоцны сэгийг тэнгисийн уснаас гаргах ажиллагааг явуулж байх үеэр онгоцны нэг хар хайрцгийг эрлийн ажиллагаа явуулж байсан шумбагчид олсон хэмээн ОХУ-ын батлан хамгаалахын сайд мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, эрэн хайх ажиллагаа явуулж байх үед, нисэх онгоцны бүхээгний хэсэгт байрладаг хар хайрцгийг тэнгисийн эргээс 1600 метрийн зайд, 17 метрийн гүнээс олжээ. Нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн Интерфакс агентлагт өгсөн мэдээллээр, тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал сайн гэдгийг хэлж байгаа юм. Олдсон хар хайрцгийн мэдээллийг тайлж уншуулахаар Москва руу явуулжээ. Түүнчлэн ослын газарт  явуулж  байгаа  эрэн хайх  аврах  ажиллагаанд  45  хөлөг  онгоц,  15  гүний  усны  шумбагч  аппарат, 192  шумбагч,  12 нисэх онгоц,  5  нисдэг  тэрэгтэйгээр  ажиллаж  байгаа аж.  

Мөн   тэнгисийн гүнээс  онгоцны  үлдэгдлүүдийг гарган  авахын  тулд   “Черноморец  11”  өөрөө явагч  өргөгч  цамхгийг   ослын газарт  авчраад байна. Ту-154 онгоц орон нутгийн цагаар Ням гарагт шөнийн 2 цагийн үед Оросын Сочи хотоос хөөрөн Сирийн Латакиаг чиглэн хөөрснөөсөө хойш 2 минутын дараагаар радараас гэнэт алга болсон бөгөөд тун удалгүй Хар тэнгист осолдсон болохыг нь тогтоосон юм. Осолдсон Ту-154 онгоцон дотор Сирид тусламж үзүүлэхээр явсан цэргүүд, сэтгүүлчид, алдарт Александровын нэрэмжит цэргийн хөгжмийн чуулгын 64 гишүүн зорчиж явсан боловч бүгд харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ард түмэнд тусламж үзүүлэхээр яваад амиа алдсан охид, хөвгүүдийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор мягмар гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаад байна. Энэ онгоц анх Москвагаас хөөрсөн бөгөөд Сочид түр газардаж, түлшээ цэнэглэсний дараа дахин хөөрсөн ч тун удалгүй ердөө 2 минутын дараа ийнхүү осолдсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Осолдсон Ту-154 онгоцны нэг хар хайрцаг олджээ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй