Өмнөд Солонгосын тусгай прокурорын газрын шийдвэрээр Үндэсний тэтгэврийн сангийн дарга Мун Кен-Пхег саатуулан хориод байна. Тус газраас энэ талаарх нэмэлт мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөгүй ч Мун Кен Пхегийн гэрт нэгжлэг хийснээ мэдээлсэн байна.
Тусгай прокурорынхон Кен Пхе өнгөрсөн онд Самсунг групп компанийн 2 салбар нэгдэх үйл явцыг дэмжихийн тулд тэтгэврийн сангийнханд дарамт шахалт үзүүлсэн байх талтай хэмээн сэжиглэж тодруулахаар ажиллаж байгаа аж. Өмнөд Солонгосын хуульд сэжигтэнг 48 цагийн хугацаатайгаар түр саатуулах боломжтой байдаг байна. Тэтгэврийн сангийн даргатай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн нь өнгөрсөн 10 дугаар сараас хойш дэгдэх болсон Ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний найз Чой Сун Сил нартай холбоотой авилгын шуугиантай холбоотой юм. Мөн прокурорынхон Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн тамгын газрын ажилтнуудын дарга Ким Ки Чун болоод соёлын яамны дээгүүр албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийсэн байна.
Авилгын энэ шуугианаас болж Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлээд байгаа бөгөөд одоо үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэр гаргахыг л хүлээж байгаа юм. Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг төрийн нууцад халдсан, хууль бус аргаар, Ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан Өмнөд Солонгосын томоохон компаниудаас их хэмжээний мөнгийг хандив нэрээр авсан хэмээн сэжиглэгдэж байгаа. Энэ шуугиан газар авч Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эрх баригч Сэнури намынхан ч талцан хуваагдаад байна. Өчигдөр л гэхэд тус намаас парламентад сонгогдсон 29 гишүүн намаасаа гарч байгаагаа зарлаад байна.
| Өмнөд Солонгосын үндэсний тэтгэврийн сангийн даргыг саатуулан хорьжээ | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.