Өнгөрсөн ням гарагт Хар тэнгист унаж осолдсон Оросын батлан хамгаалах яамны ТУ-154 онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж уншиж дуусч байгаа юм байна. Параметрийн хар хайрцгийн мэдээллийг тайлж уншихад флапс буюу онгоц хөөрч буух үед далавчин дээр өргөх хүчийг нэмэгдүүлэх зориулалттай нэмэгдэл механизмын тухай нисэгчид дурдсан нь тодорхой болжээ. Энэ тухай ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа эх сурвалж Оросын "Коммерсант" сониныхонд мэдээлсэн байна.
Параметрын хар хайрцагт флапс гэдэг үг бичигдсэн байсан ч яг ямар шалтгаантайгаар гэдэг нь тодорхойгүй байна. Онгоцны хурд, хүч, байрлал зэргийг бусад хар хайрцаг дахь мэдээллийг тайлж уншиж, тодорхой болгосны дараагаар флапсийг хураах, эсвэл дэлгэх шаардлагатай байсан эсэхийг нь тодруулах юм байна. Хар тэнгист осолдсон ТУ-154 онгоц нь 3 хар хайрцагтай юм байна. Параметрын хар хайрцагны мэдээлэлд хийсэн эхний дүн шинжилгээний ачаар ослын шалтгаантай холбоотой таамаглалуудыг бууруулах боломжтой болсон гэдгийг Оросын батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн байна. Гэхдээ ослын шалтгааны талаарх эцсийн дүгнэлтийг улсын комисс хийнэ гэдгийг батлан хамгаалах яамныхан онцолсон байна.
Энэ хооронд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр ТУ-154 онгоцны флапс хаагдах систем жагсаалаас гарсан нь хар хайрцаг дээр тэмдэглэн үлдсэн байсан гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн нисэгчид агаарын хөлгийн хамрыг өргөж үүссэн нөхцөл байдлаас гарахыг чармайсан нь байдлыг ноцтой болгож хүндрүүлсэн гэдэг таамаг ч бичигдэж байна. Харин мэргэжилтнүүд флапсийг эвхэхгүй байх нь ийм осолд хүргэхээр таагүй асуудал бас биш гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Харин нисэгчдэд ийм нөхцөлд авах арга хэмжээний сургуулилтад хамрагдсан байдгийг тэмдэглэж байна. Хэдийгээр хар хайрцагны мэдээллүүд урьдчилсан байдлаар тодорч байгаа ч ослын бусад шалтгааныг няцаалгүй мөрдөн шалгасаар байна. ТУ-154 онгоцны ослоос болж багийн гишүүд зорчигч нийлсэн 92 хүн амь насаа алдсан билээ.
| Хар тэнгист осолдсон ТУ-154 онгоцны хар хайрцгийн мэдээллийг тайлж эхэлжээ | ||
| Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.