Шууд Chart

"Байгаль, ан амьтны музей"-д 400 орчим үзмэрийн сан хадгалагдаж байна

2016-12-30 11:59:45

"Монголын анчдын нийгэмлэг" ТББ-ын "Байгаль орчны мэдээллийн төв" нь Монгол орны хүрээлэн байгаа орчныг унаган төрхөөр нь хадгалан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчны талаарх мэдээллийг түгээж ажилладаг байгууллага юм. Тус төвийн "Байгаль, ан амьтны музей"-д өнөөдрийн байдлаар 400 орчим үзмэрийн сан хадгалагдаж байна. Тухайлбал, 1981 онд олдсон Монгол Алтайн Угалзын эвэр нь дэлхийн хамгийн томд тооцогдож, алтан медаль авч байжээ. Энэ үзмэр одоо хэр нь тус музейд хадгалагдаж байна. Сонирхуулахад, "Байгаль, ан амьтны музей"-д дэлхийн хамгийн том ирвэс, угалзын эвэр байдаг. 

Анх 1978 онд Монголын анчдын нийгэмлэг байгуулагдсанаар тус музей нээгджээ. Олон улсын үзэсгэлэнд оролцож шагнал хүртсэн ангийн амьтадын эвэр, арьс, толгой, соёо шүд, тэдгээрийг шагнасан медалуудыг дэлгэн үзүүлсэн байдаг. Үзмэрийн дотор хамгийн алдартай нь Алтайн аргал угалзын эвэр юм. Мөн одоохондоо дэлхийд хамгийн том гэж тооцогддог ирвэсний арьс,  тул загаснуудын толгой, дэлхийн хамгийн том хүдрийн соёо, дэлхийн аварга баавгайн толгой, аргал угалзын эвэр зэргүүдийг медальтай хамт байрлуулжээ. Бугын ясан ба цусан эвэр, хар үнэг, булга, хандгай, ойн баавгай, ойн булга, ойн солонго, бараан хэрэмний чихмэлүүд, хулан, хар сүүлт, цагаан зээр, буга, янгирын гаж ургасан эврүүд, хар чононы арьс, улаан чононы арьс, хар тарваганы арьс гэх мэт үзмэрүүд байдаг.

Хээрийн галуу, халзан түнжүүр, зэрлэг нугас, ангир, гангар хун, дорт нугас, хархираа тогоруу, морин тутгалжин, ээтэн, хар өрөвтас, ятга шаазгай, цэнхэр шаазгай, шулга харцага, тургийн сойр, хур, цагаан ятуу, ууль гэх мэт Монголд төдийгүй дэлхийд нэн ховорт тооцогдох шувуудын үзмэр бий. Мөн тус музейд Монгол Германы хамтарсан экспедиц усны минж нутагшуулсан тухай материалууд тавигдсан байдгаас гадна ан агнуурын хэрэгслүүд болох ээмэг, бахь, тайвшруулагч тариа, дуран, алхаа хэмжигч, булганы хавх, анд авч явдаг тогоо шанага хийдэг богц зэргийг тавьжээ.

Мөн эрт цаг үеийн ангийн буу зэвсэг, хавх, хутга, сум, чулуун зэвсгийн үед хамаарах ан агнуурын багажууд, анчны отог, хоёр анчин ойд цайгаа чанаж уух гэж байгаа байдлыг харуулсан үзмэрүүд бий. БНМАУ-ын амьтны газарзүйн байршил, Монгол орны амьтны аймгийг харуулсан бүтээл зэргээс гадна эртний Монголчуудын ан амьтнаа хамгаалж ирсэн өв уламжлал зан үйлтэй холбоотой үзмэрүүдийг ч дэлгэн тавьсан байдаг.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Байгаль, ан амьтны музей"-д 400 орчим үзмэрийн сан хадгалагдаж байна  
Үзсэн: 2963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй