Шууд Chart

Умард Солонгос тив алгасагч пуужин туршихаар бэлтгэж байна

2017-01-02 16:00:00

Умард Солонгосын залуу удирдагч Ки Чен Ын тус улс тив алгасагч пуужингаа удахгүй турших тухай мэдэгдсэн байна. Энэ нь Умардын цөмийн зэвсэг улам бүр хөгжиж, шинэ шатанд хүрснийг харуулж байна. Нөгөө талдаа бүс нутгийн аюулгүй байдалд улам бүр заналхийлж байгаа хэрэг болохыг ажиглагчид тэмдэглэж байна.

Ким Чен Ын шинэ жилийн үдэш ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ "Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий зэвсгийг судлан хөгжүүлэх нь манай улсын батлан хамгаалах хүчний нөөц, чадамжийг бэхжүүлж, хөгжүүлж байна. Тухайлбал, тив алгасагч пуужингийн туршилтын сүүлийн шатны бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгаа" гэсэн байна. Энэ туршилт нь тус улсын энэ жилийн бодлого, зорилтод багтсан болохыг тэрбээр мэдэгдсэн юм.

Умард Солонгос нь өнгөрсөн жилд хоёр ч удаа цөмийн туршилт хийж, олон удаагийн пуужингийн туршилтуудыг амжилттай хийсэн. Тэр дундаа одоогоос яг жилийн өмнө устөрөгчийн бөмбөг туршсан нь олон улсад шуугиан тарьж, хамгийн хатуу чанга хориг арга хэмжээ авахуулахад хүргэсэн байдаг.

Харин энэ удаад тив алгасагч пуужингаа туршихад бэлэн болсон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ туршилтын бэлтгэл ажлын хүрээнд пуужингийн хөдөлгүүрийг амжилттай туршсан юм. Мөн Умардын залуу удирдагч Өмнөд Солонгос болон АНУ-д хандаж, жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохгүй бол цөмийн зэвсгийн хүчээ улам бүр бэхжүүлсээр байх болно гэж сануулсан байна.

Умардын цөмийн хөгжүүлэлт нь АНУ-ын газар нутаг дээр хүрэхүйц холын зайн тусгалтай цөмийн пуужинг хөгжүүлэх зорилготой болохыг харуулж байна гэж зарим ажиглагч тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос тив алгасагч пуужин туршихаар бэлтгэж байна   
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй