Шууд Chart

Францын Ерөнхийлөгч Ирак улсад айлчиллаа

2017-01-03 14:56:10

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Ирак улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Фуад Масумтай уулзалт хэлэлцээ хийжээ. Түүнийг Багдад айлчлах үеэр амиа золиослогч этгээд нийслэл хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд тэсрэх бөмбөг дэлбэлж, 36 хүний аминд хүрсэн байна. Энэ халдлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

Халдлагыг жимс, хүнсний ногооны төвлөрсөн худалдааны төвд өдрийн ид хөл хөдөлгөөнтэй цагаар үйлдсэн учир 50 гаруй хүн шархдаж, гэмтсэн гэж Багдад хотын Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөн өдөр Францын Ерөнхийлөгч Иракийн Ерөнхий сайд Хайдар Аль Абадитай уулзан, өөрийн орны цэрэг болон Иракийн армийнхантай уулзахаар Иракийн хойд нутгийн Курд мужид зочилсон байна. Франсуа Олланд “Бид бүгд нийтлэг нэг дайсантай болж. Энэ бол терроризм, "Исламын улс" бүлэглэл. Бид энэ дайснаа хаана байгаа газарт нь дарах ёстой. Гэхдээ бид бүгд эдгээр алан хядагч бүлэглэлүүд хооронд уялдаа холбоотой, олон улс оронд дэмжигчидтэй байгаа зэрэг хүчин зүйлүүдийг сайн тооцоолж, тэмцэл хийх нь чухал байна” гэж Иракийн удирдлагуудтай уулзах үедээ мэдэгджээ.

АНУ-ын тэргүүлж байгаа олон улсын эвслийн дэмжлэгтэйгээр Иракийн армийнхан Мосул хотыг чөлөөлөх цэргийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллагааны хүрээнд "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэж байгаа юм. Франц нь 2014 оноос хойш "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй тэмцэх зорилгоор нэгдсэн АНУ-ын тэргүүлдэг эвслийн бүрэлдэхүүнд багтаж буй. Франц энэ бүрэлдэхүүнд орсноос хойш "Исламын улс" бүлэглэлийн олон удаагийн халдлагын бай болж, олон арван хүнээ алдсан. Иймд цаашид "Исламын улс" бүлэглэлийг дарах чиглэлд олон улсын эвсэлтэй нэгдмэл байдлаар ажиллах бодлого баримталж байгаа ч энэ нь ард түмнээсээ шүүмжлэлтэй тулгарах болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын Ерөнхийлөгч Ирак улсад айлчиллаа   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй