Шууд Chart

Өнгөрсөн онд Афганистанд 14 сэтгүүлч амь насаа алджээ

2017-01-03 15:42:40

Афганистаны аюулгүй байдлын орчин тааруу хэвээрээ байгаа учраас тус улсын сэтгүүлчид мэдээлэл хүргэхдээ амь насаараа дэнчин тавьж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Забихулла Дүүрандиш гэгч сэтгүүлч Афганистаны Хуршид телевизд таван жил сэтгүүлчээр ажиллахдаа маш олон аюултай тулгарч байжээ. Тухайлбал, өнгөрсөн онд түүнийг ажлаасаа гарч явахад нь зэвсэглэсэн хоёр этгээд хүчээр авто машиндаа суулган авч явж, биедээ байгаа бүх эд зүйлсээ гаргахыг шаардан, бараг хоёр цаг амь насанд нь заналхийлж, сүрдүүлснийхээ дараа машинаасаа түлхэн буулгажээ.

Түүнийг авто машинаас буулгасан даруйдаа тэдгээр зэвсэгт этгээд түүний араас буудсан ч сэтгүүлч Забихулла азаар амьд гарчээ. Афганистанд энэ сэтгүүлчид тохиолдсонтой ижил амь насанд нь заналхийлэх арга тактикийг зэвсэгт этгээдүүд тогтмол ашигладаг төдийгүй өөрсдийн үйл ажиллагааг шүүмжилдэг сэтгүүлчдийг хулгайлж, барьцаалдаг байна. Ер нь Афганистаны аюулгүй байдлын орчин улам муудахтай зэрэгцээд сэтгүүлчдийг онилсон халдлага түгээмэл гарах болсон байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Забихулла сэтгүүлч улсынхаа ихэнх мужаар явж, Афганистаны ард түмний аж байдлыг, аюулгүй байдлын орчин ямар байгааг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэжээ. Хэдийгээр амь нас нь дээсэн дөрөөн дээр байдаг ч тэрбээр Афганы ард түмний өмнө тулгарч байгаа зовлон бэрхшээлийг бодитоор харуулахыг зорьдог учраас амь өрссөн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн тууштай зарчмыг баримталдаг гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Афганистанд хэдийгээр дайн дууссан ч дотоодын зөрчил даамжирч, аюулгүй байдлын хувьд хүнд байгааг олон улс хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн 2016 онд л гэхэд Афганистанд 14 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Мөн өнгөрсөн онд Афганистанд сэтгүүлчид халдсан 420 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 320 орчмыг Талибаны салан тусгаарлагчид үйлджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрсөн онд Афганистанд 14 сэтгүүлч амь насаа алджээ   
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй