Шууд Chart

Хавана хотноо хувьсгалт хүчний ойд зориулсан цэргийн жагсаал боллоо

2017-01-03 16:29:22

Кубын нийслэл Хавана хотноо хувьсгалт хүчний ойд зориулсан цэргийн жагсаал боллоо. Нийслэл хотын Хувьсгалын талбайд тус улсын цэргийн бүх  сургуулийн сонсогчид, зэвсэгт хүчин, Дотоод хэргийн яамны цэргүүд жагссан байна. Мөн Кубын залуус, намын гишүүд ч энэ жагсаалд оролцсон байна. Эв нэгдлээ батлан харуулж, их удирдагч Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэх нь энэ жагсаалын бас нэгэн зорилго байлаа.

Жагсаалыг Кубын удирдагч Рауль Кастро, Засгийн газрын гишүүд, өндөр дээд албаныхан гэр бүлийнхнийхээ хамтаар индэр дээрээс үзэж сонирхсон байна. Кубын их сургуулиудын оюутны холбооны даргын мэдэгдсэнээр энэ жагсаалын үеэр залуус Кубын хувьсгалын үзэл санааг амьдралдаа  хэрэгжүүлж, ард түмнийгээ чөлөөлөх тэмцлээ дэмжихээ илэрхийлсэн гэрээг соёрхон баталсан байна.

Мөн энэхүү жагсаалын үеэр пионерууд, сурагчдын байгууллагын Ерөнхийлөгч үг хэлсэн бөгөөд тэрбээр Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэх  боломжтой болсноороо бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн түүнийг агуу пионер байсан хэмээн нэрлэжээ. 1956 оны 12 дугаар сарын 2-ны  өдөр Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид "Гранма" дарвуулт хөлгөөр Кубын эрэгт ирж байсан байна.

1959 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Кубын хувьсгалчид Сантьяго де Куба хотоос Хавана руу хөдөлж байсан юм байна. Тухайн үед тэд долоо хоногийн хугацаанд мянга гаруй км замыг туулж, нэгдүгээр сарын 8-нд Кубын нийслэлд орж байжээ. Тиймээс Кубад нэгдүгээр сарын 2-ны өдрийг  "Хувьсгалт зэвсэгт хүчний өдөр" болгон тэмдэглэдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавана хотноо хувьсгалт хүчний ойд зориулсан цэргийн жагсаал боллоо  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй