Европын Холбоон дахь Их Британийн суурин төлөөлөгч сэр Айван Рожерс албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ тэрээр ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй байна. Рожерс бол Европын Холбоотой харилцах харилцаагаар дагнасан туршлагатай дипломатчдын нэг юм. Ийнхүү Их Британидаа үнэлэгддэг дипломатч албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэсэн нь Тереза Мэйн засгийн газрыг хүндхэн байдалд оруулах үйлдэл боллоо.
Тодруулбал, Брекситийн асуудлаар Европын Холбоотой хийх яриа хэлэлцээнд оролцоход Их Британий засгийн газарт амаргүй хүнд байх болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Их Британийн ард иргэд өнгөрсөн онд улс орноо Европын Холбооноос гаргах нь зүйтэй гэж санал асуулгаараа шийдвэрлэсэн. Харин тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газар ирэх оны 3 дугаар сараас өмнө Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах механизмыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Мөн 2007 оны Лиссаны гэрээний Европын холбооны бүрэлдэхүүнээс аливаа нэг улс орон гарах нөхцлийг тодорхойлж өгсөн 50 дугаар заалтыг ашиглаж эхлэхээ онцолжээ. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны зүгээс Брекситийн асуудлыг хариуцаж байгаа Францын улс төрч Мишель Барнье Их Британитай хийх яриа хэлэлцээ 2018 оны 10 дугаар сард өндөрлөнө гэсэн товыг зарлаад байгаа юм.
| Их Британийн суурин төлөөлөгч огцорч байгаагаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.