НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын бус шинэ 5 гишүүнтэй боллоо. Тодруулбал, энэ оны эхний сараас эхлэн Казакстан, Швед, Итали, Боливи, Этиоп улсууд НҮБ ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний үүрэгт ажлаа хүлээж авсан байна.
Дээрхи улсууд Ангол, Малайз, Шинэ Зеланд, Венесуэл болон Испани улсуудын оронд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орноор сонгогдоод байна. Үүний зэрэгцээ Швед улс энэ сараас эхлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь 15 гишүүнтэй. Тэдгээрийн 5 нь аливаа тогтоол шийдвэрт хориг тавих эрхтэй байнгын гишүүн орнууд байдаг. Харин үлдсэн 10 нь байнгын бус гишүүд байдаг. Байнгын бус гишүүн орнуудыг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас газар зүйн байрлалынх нь зарчмаар сонгодог юм. Харин бүрэн эрхийнх нь хугацаа 2 жил байдаг бөгөөд жил бүр 5 5-аар нь сонгодог байна.
Энэ дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийн тав нь Африк, Азийн, дөрөв нь Латин Америк, Баруун Европын, харин нэг нь Зүүн Европын орнуудын төлөөлөл байдаг. Энэ оны эхний өдрөөс Антоноу Гуттериш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилдаа орсон юм. Тэрээр мөн дэлхий нийтэд хандаж анхныхаа мэдэгдлийг хийхдээ улс орнуудын засгийн газар, ард түмэнд хандаж энх тайвны төлөө тэмцэж, улс төрийн санал зөрөлдөөнтэй ч яриа хэлэлцээгээ хэвийн болгохыг уриалсан билээ.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдлээ | ||
| Үзсэн: 2436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.