Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой хэргийг шүүх Үндсэн хуулийн шүүх хурлын хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр товлогдсон боловч Ерөнхийлөгч Пак мөн л шүүх хуралд оролцсонгүй.
Өнөө өглөө зарлагдсан шүүх хуралд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн оронд өмгөөлөгчид нь ирсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт болсон шүүх хурлын эхний өдөр Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж, амаараа мэдүүлэг өгөхөөс татгалзсан учир хурал эхэлснээс хойш 9 минутын дараа хурлыг зогсоож, өнөөдөр болохоор зарласан юм.
Тус улсын хуульд зааснаар мэдүүлэг өгөх этгээдийг онцгой тохиолдол биш бол хүчээр шүүх танхимд дуудаж авчрах эрхгүй бөгөөд Пак Гын Хэ өөрийн биеэр ирээгүй ч гэсэн түүний бичгээр өгсөн мэдүүлэг болоод бусад гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой юм байна.
Ерөнхийлөгч дараа дараагийн шүүх хурлуудад ч ирж оролцохгүй гэдгийг түүний өмгөөлөгч нар уламжилжээ. Ерөнхийлөгч Пак нь парламентын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нөөс хойш бүрэн эрхээ түр түтгэлзүүлээд байгаа бөгөөд түүнийг огцруулах уу, бүрэн эрхийг нь сэргээх үү гэдгийг Үндсэн хуулийн шүүх шийдэх юм. Өмнөд Солонгосын прокурорынхон Ерөнхийлөгчийг Чой Сун Силийн авлигын хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа ч тэрбээр өөрийгөө үүнд огт хамааралгүй гэж хамгаалж буй.
Гэвч энэ бүхнийг Үндсэн хуулийн шүүх эцэслэн шийдвэрлэх бөгөөд хэрвээ огцруулах шийдвэр гаргавал хоёр сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах учиртай юм.
| Пак Гын Хэ шүүх хуралд хоёр дахь удаагаа ирсэнгүй | ||
| Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.