Өчигдөр БНСУ-ын сөрөг хүчний төлөөлөгчид Хятадын талтай "ТААД" системын талаар хэлэлцсэн боловч амжилтад хүрээгүй. Уулзалтын үеэр Хятад улс Өмнөд Солонгосын газар нутаг дээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахын эсрэг байгаа байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Солонгосын төлөөлөгчдөд хандаж “Манай улс танай улстай байгуулсан сайн харилцаанаасаа ухрах хүсэлгүй байна. Гэвч Сөүл "ТААД" системийг байршуулах асуудлыг түргэвчилбэл манай хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхэд саад болох учиртайг санах хэрэгтэй” гэсэн байна.
Мөн цаашлаад “Хятадын эрх баригчид Өмнөд Солонгосын аюулгүй байдлаа хангах гэсэн санааг нь ойлгож, биелүүлэхийг чармайж байгаа. Иймд Өмнөдийн талаас ч мөн Хятадын аюулгүй байдлыг хангахад тэнцвэртэй байр сууринаас хандана гэж найдаж байна” гэжээ. Хятадын талаас ийнхүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа "ТААД" системийг Америк болон Өмнөд Солонгосын талаас Өмнөдийн газар нутаг дээр байрлуулах шийдвэрийг өнгөрсөн долоодугаар сард гаргасан.
Энэ систем нь зөвхөн Умард Солонгосын олон удаагийн пуужингийн туршилтуудаас хамгаалах зорилготой гэж Вашингтоны талаас удаа дараа тайлбарлаж байгаа ч Бээжин үүнийг нь улс орны аюулгүй байдалд эрсдэл дагуулна гэж үзэн эсэргүүцсээр байгаа юм. Мөн Хятадын талаас Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг байгаа байр сууриа илэрхийлсэн ч энэ асуудлыг хүчээр бус яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой гэж үзэж байна.
| БНХАУ БНСУ-ЫН "ТААД" системийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийллээ | ||
| Үзсэн: 2290 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.