Серб улс Косовогийн чөлөөлөх армийн хээрийн захирагч, дангаар тусгаар тогтнолоо зарласан Косовогийн Ерөнхий сайд асан Рамуш Харадинайг шилжүүлэн өгөхийг Францын талаас шаардлаа. Энэ тухай Сербийн засгийн газрын тэргүүн Александр Вучич мэдэгдсэн юм. Косовогийн Ерөнхий сайд асан Харадинайг Базель Мюлуз Фрайбург нисэх онгоцны буудалд 1998-99 онд Косово болон Метохи дахь зэвсэгт мөргөлдөөний үеэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулан баривчилсан байна.
Сербийн засгийн газраас 2004 онд Интерполд олгосон зөвшөөрлийн дагуу энэ баривчилгааг хийсэн аж. Сербийн хууль зүйн яам Францын хууль шүүхийн байгууллагад Харадинайн хэргийн материалыг илгээгээд байгаагаа мэдэгдэж байна. Түүнийг Сербийн талд шилжүүлэн өгөх эсэх шийдвэрийг Францын Кольмар хотын шүүхээс гаргах ёстой юм байна. Харадинай нь 2004-2005 оны хооронд дангаар тусгаар тогтнолоо зарласан Косово улсын засгийн газрыг тэргүүлж байсан юм.
Харин одоогийн Косово Албанийн засгийн газар эмхлэн байгуулагдахад түүний тэргүүлдэг Косовогийн ирээдүйн төлөө нэртэй нам хэт сөрөг хүчний эгнээнд орсон юм. Албаний засгийн газрын хувьд Харадинайг баривчилсныг буруушааж байгаагаа илэрхийлж байна. Мөн Косовогийн гадаад хэргийн сайд Ходжай Серб улс Харадинайг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа нь Балканы байдлыг улам хурцатгах уриалга болж байна хэмээн буруутгаж байна.
1999 онд Косовог чөлөөлөх армийн Албани салан тусгаарлагчид болоод Сербийн цагдаа нарын хоорон дахь зэвсэгт мөргөлдөөн одоогийн Серб, Черногороос бүрдэж байсан Югослав улсад НАТО гийнхон агаарын цохилт хийхэд хүргэсэн юм. 2004 онд Косовогийн Албаничууд үймээн дэгдээж сербүүдийг тус хязгаараас шахан гаргасан. Харин 2008 онд Приштин дэхь Косово Албаничууд Сербээс тусгаарлаж байгаагаа зарласан юм. Дангаар тусгаар тогтнолоо зарласан тус улсыг Сербиэс гадна ОХУ, Хятад, Израйль Иран гээд хэд хэдэн орон одоо ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
| Серб улс Косовогийн чөлөөлөх армийн захирагч асанг шилжүүлэн өгөхийг шаардлаа | ||
| Үзсэн: 1998 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.