Шууд Chart

БНХАУ "Нэг Хятад" бодлогыг нь хүндэтгэхийг АНУ-д дахин уриалав

2017-01-11 10:09:05

БНХАУ-ын гадаад хэргийн яам Тайваний удирдагч Цай Ин Венийг АНУ-ын бүгд найрамдах намын хууль тогтоогчидтой уулзалт хийснийх нь төлөө шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

Хятад улс Нэг Хятад бодлогыг дагаж мөрдөхийг АНУ-д уриалж байгааг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн байна. Тайваний удирдагч Цай Ин Вен өнгөрсөн амралтын өдөр Латин Америкийн орнууд руу айлчлалаар явах замдаа Америкийн Техас мужийн Хьюстон хотод Бүгд найрамдах намын гишүүдтэй уулзалт хийсэн юм.  

Хятадын энэхүү мэдэгдэлд: АНУ Хятад Америкийн харилцаанд сэв суулгахгүй байх, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд заналхийлэхгүйн тулд Тайваний асуудалд болгоомжтой хандах нь зүйтэйг ч онцолжээ. Мэдэгдлийн төгсгөлд БНХАУ Тайваний удирдагч болон АНУ-ын засгийн газрын ямар ч албан тушаалтан хоорондын аливаа харилцаа холбоог хүчтэй эсэргүүцэж байгааг илэрхийлжээ.

Харин Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын бүгд найрамдах намын улс төрч Тэд Крузийг Цай Ин Вентэй уулзахгүй байхыг уриалсан албан захидалын талаар ямар нэг байр суурь хэлээгүй байна. Хятадын засгийн газар мэдэгдэл хийхээс өмнө АНУ-ын бүгд найрамдах намын нөлөө бүхий улс төрч Тэд Круз Хятадын талаас Тайваний удирдагчтай уулзахгүй байх тухай уриалгыг бичгээр ирүүлсэн болохыг баталсан тухай олон улсын томоохон хэвлэлүүдээр мэдээлсэн юм. Тэд Крузын хувьд АНУ-ын ард түмэн ирсэн зочинтойгоо уулзах эсэх шийдвэрээ өөрөө гаргах эрхтэй гэдгийг Хятад улс ойлгох нь зүйтэй гэж хэвлэлд мэдэгдсэн байна. АНУ—ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн сард Тайваний удирдагчийн баяр хүргэж залгасан дуудлагыг хүлээн авсан нь Бээжингийн дургуйцлийг төрүүлсэн. АНУ Тайваниас харилцаагаа таслаж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноосоо хойш Бээжингийн Нэг Хятад бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ "Нэг Хятад" бодлогыг нь хүндэтгэхийг АНУ-д дахин уриалав  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй