АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерыг Цагаан Ордны ахлах зөвлөхөд нэр дэвшүүлжээ. Трампын энэ томилгоо үл хөдлөх хөрөнгийн салбарт манлайлагч залууг Америкийн дотоод болон гадаад бодлого ялангуяа Ойрхи Дорнодын асуудал, худалдааны хэлэлцээг урагшлуулахад голлох үүрэгтэй ажилладаг ахлах зөвлөхийн албан тушаалд хүргэж байна. 36 настай Кушнер нь Дональд Трампын түүний сонгуулийн кампанитыг амжилттай явуулж, түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэгдэж байгаа юм.
Мөн Дональд Трампын ууган охин Иванка Трамптай гэрлэсэн Кушнер нь бизнесийн салбарт өргөн мэдлэгтэй гэж үнэлэгддэг юм байна. Сонгуулиас хойш Кушнер Трампын багийн гадны засгийн газруудтай харилцах, Израилийн албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоох, Британийн гадаад хэргийн сайдтай уулзалт хийх зэрэгт гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг байсан байна. Харин сонгуулийн кампанитын үеэр эцгийнхээ гол зөвлөгч нь байсан Иванка Трамп цагаан ордонд албан тушаал хашихгүй гэж Трампын багийнхан мэдэгджээ.
АНУ-ын ардчилсан намынхан Трампыг улс төрийн талбарт туршлагагүй Кушнерыг ахлах зөвлөхөд нэр дэвшүүлсэн шийдвэрээ эргэн харахыг уриалж байгаагын зэрэгцээ түүнийг хамаатан саднаа төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн мэдэгдэл гаргажээ. Гэвч Дональд Трампын багийн гишүүд төрөл төрөгсдөө төрийн өндөр албан тушаалд томилохыг хориглох тухай хууль нь Цагаан ордоны албан тушаалд хамаарахгүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ АНУ-д засгийн газрын албан тушаалтнууд ямар нэгэн бизнес эрхэлж, ашиг хүртэж болохгүй гэсэн ёсзүйн хууль үйлчилдэг. Иймд хэрвээ Кушнер цагаан ордонд ажиллахаар болбол үл хөдлөх хөрөнгийн бизнесийн компанийн захирлын албан тушаалаасаа татгалзах болно гэж Кушнерын өмгөөлөгч Трампын шийдвэрийн өмнөхөн мэдэгдэж байсан байна. Бизнесмэн, тэрбумтан Дональд Трамп энэ сарын 20-ны өдөр тангарагаа өргөж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болох юм. Цагаан ордоны албан тушаалын томилгоог Сенат заавал батлах шаардлагагүй байдаг, цагаан ордоны албан тушаалын орон тоог тангараг өргөх ёслолоос өмнө бүрдүүлэх ёстой байдаг юм.
| Дональд Трамп хүргэнээ Цагаан ордны ахлах зөвлөхөд нэр дэвшүүллээ | ||
| Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.