Шууд Chart

С.Ням-Очир: Эхнэр маань бас зодог тайлж байгаа

2017-01-24 10:11:01

“Лондон-2012” зуны олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдээд байсан билээ.

С.Ням-Очир 1998 онд нутгийнхаа багш Ю.Баттогтохын удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж, 2006 оноос шигшээ багийн тамирчин болсон юм. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2006, 2009, 2010 онд алт, “Их дуулга”, Гран-при ангиллын тэмцээнээс олон медаль хүртсэн юм.

-Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлтийн үеэр та зодог тайлж, бөх сонирхогчидоо гайхашруулсан. Уг нь таныг “Токио-2020” олимпийн наадамд зодоглоно гэж бүрэн итгэж байсан ...

-Өнгөрсөн оны зургадугаар сард манай жүдо бөхийн холбоо олимпийн наадамд хүч үзэх тамирчдынхаа нэрсийг зарласан. Тэр үеэс би зодог тайлахаар бүрэн шийдсэн юм. Үүнийгээ сая болсон тэмцээний үеэр Монголынхоо ард түмэнд албан ёсоор мэдэгдлээ. Хувь хүний л шийдвэр болохоор багш, дасгалжуулагч, хамт олон маань зөвөөр хүлээж авсан.  

-Шийдвэр гаргахад хүнд байв уу. Ямар шалтгаанаар дэвжээгээ орхихоор болов?

-Залуучууддаа боломж олгох зорилготойгоор.

-Тамирчин хүний хувьд 30 гаруй нас гэдэг ахмадад ордог нь үнэн л дээ. Гэхдээ 2020 оны олимпийг өнгөрөөчих юмсан гэж бодогдсонгүй юу?

-Тийм ээ, 30 гаруй нас гэдэг тамирчдын хувьд хөгшиндөө орно. Би дэвжээнд гараад 20-иод жил болж. Тэгэхээр залуучууддаа зайгаа тавьж өгч, сурч боловсрох талд анхаарах цаг болсон. Ийм л шалтгаанаар хүндэт дэвжээн дээрээ барилдахгүйгээр боллоо.

-Таныг дасгалжуулагч болох нь гэж олон хүн ярьж байсан. Энэ мэргэжилээр ажиллахад та өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гэж бодож байна уу. Мөн өөрийн гэсэн бөхийн дэвжээ байгуулах уу?

-Одоогоор яг дасгалжуулагч болно гэж хэлээгүй шүү дээ. Яваандаа л болно байх. Тэгэхийн тулд сурах хэрэгтэй. Клуб ч байгуулахаар төлөвлөөгүй.

-Таны үндсэн мэргэжил багш, дасгалжуулагч. Харин одоо хаана ямар мэргэжилээр сурах төлөвлөгөөтэй байна вэ?

-Яг шийдсэн юм алга. Ямартай ч гадаадад сурах бодолтой байгаа.

-Тэгэхээр жүдо бөхийн холбоонд та ямар үүрэг оролцоотой байх вэ?

-Миний зүгээс тэнд юу шаардлагатай байна, тэр бүхэнд чадах чинээгээрээ ажиллана.

-Таны гэргий ОУХМ П.Лхамдэгд мөн жүдо бөхөөр барилддаг. Таныг дагаад дэвжээгээ орхихгүй байлгүй дээ?

-Адилхан зодог тайлах гэж байгаа. Бид хоёр хамтдаа сурна.   

-Таныг зодог тайлсны дараа бөх сонирхогчид “С.Ням-Очир “Лондон-2012” олимпийн наадмаас хүртсэн хүрэл медалдаа ханачихлаа. Тэгээд л зодог тайлж байна” гэсэн яриа гаргасан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм зүйл байхгүй ээ. Тэр цагаас хойш би бөхөөрөө улам сайн хичээллэж, олимп, ДАШТ-ээс алтан медаль хүртэх юмсан гэж хичээж явсан. Олимпийн наадамд дахин оролцож, медалийнхаа өнгийг өөрчилнө гэсэн 100 хувь итгэлтэй байсан. Гэвч харамсалтай нь “Рио-2016” олимпийн наадамд барилдаж чадаагүй.

-Бэртэл бас бий юу?

-Байгаа. Жингийн асуудал ч бий. Миний барилддаг байсан 73 кг-ын жинд олон сайхан залуу тамирчин хүч түрэн гарч ирж байна. Тэд олимп, ДАШТ-нд аваргалах байх аа.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Ням-Очир: Эхнэр маань бас зодог тайлж байгаа   
Үзсэн: 7131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hehe [103.57.94.xxx] 2017-01-25 18:34
alt avaad bs dahiad alt avsan tuvshuu shig humuusee demjey tegehuu tulga ahiin gariin garlaga ene heden tejeemeruud bnshd
Зочин [202.70.34.xxx] 2017-01-24 15:00
amjilt husey dee
dee [202.9.42.xxx] 2017-01-24 14:14
Za yahaw de. Tsaashdiin ajild ni amjilt

Бидэнтэй нэгдээрэй