
Энэ өдрүүдэд нийслэл хотын 374 жилийн ой тохиолоо. НЗДТГ-аас энэ өдөр хотынхоо оршин суугчид олон их хотынхоо түүх соёлыг дээдэлсэн олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Үүнээс онцолбол нийслэлийн XIV дэх “Хүндэт Иргэн”-ээр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай тодорсон юм.
Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил - Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис Хааны одонгийн эзнийг урьдчилан тодруулах болсон. Энэ жил Чингисийн одонг гардан авах хүнээр Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, өнөө жил 80 насыг зооглож байгаа Думаагийн Содном гуай тодорсныг зарлалаа.
Мөн МАН-ын 27 дугаар их хурал болж өнгөрсөн юм. МАН их хурлаараа намынхаа 29 дэх даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболдыг сонгосон юм. Харин намын ерөнхий нарийн бичгийн даргаар “Үнэн” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Мөнхбат сонгогдлоо. МУ-ын ерөнхийлөгч У.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын урилгаар тус улсад төрийн айлчлал хийгээд ирлээ.
Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм. Төрийн тэргүүний эл айлчлал нь БНАСАУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Ерөнхий сайд ээлжит 30 минутын уулзалтаа хийлээ.
Энэ удаад тэрбээр өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа үр дүнг танилцуулсан юм. Онцолбол хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний дагуу холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Сайд энэ удаа Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ хэлсэн юм. Тухайлбал, 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлнэ. Мөн өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авна. Түүнчлэн чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар болсноо дуулгасан.
Цаашлаад ерөнхий сайд өөрийн цагаараа тулгамдсан зарим асуудлаар хариулт өгсөн. Үүнд төмөр замын холбогдолтой асуудлуудаар 3 улсын ажлын хэсэг удахгүй Монголд уулзаж ярилцана, цалин тэтгэврийн хэмжээг салбар, бүтээмжээс нь хамааруулан шатлалтай нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой мөнгө суулгасан, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн санаачилга гаргаж, ажлыг нь эрчимжүүлсэн, баруун 3 аймагт барьж буй битүү захыг ойрын 3 сард багтаан дуусгана, олны анхаарлын төвд байгаа зарим эмнэлгийн асуудлыг салбар хариуцсан сайд эргэн харж шийдвэрлэхээ мэдэгдсэн талаар дурдагдсан.
Энэ намрын турш дуулиан дагуулсан ГССҮТ-ийн удирдлагын асуудал Пүрэв гарагт шийдэгдлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөл тус эмнэлэгт нэг өдөр ажиллаж 9 сараас эхлэн Гэмтлийн эмнэлгийн даргаар ажилласан Ч.Энхбаярыг 250 ажилчдын дунд явуулсан нууцаар санал хураалтын дүнг харгалзан ажлаас нь чөлөөллөө Иргэн Г.Нямдоржид хутга хүргэсэн гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мунзуй” хочит Г.Нямдорж нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудыг намжаана гэсэн утгатай дарамт үзүүлсэн. Энэхүү явуулгын цаана УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрсэн бөгөөд холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн" гэж хэлсэн юм. Төрийн ордны гадаа зэвсэг агсаж жагссан хэрэгт буруутгагдан хоригдож буй Ч.Мөнхбаярын ажил хэргийн хамтрагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар хэвлэлийн хурал зарласан. Тэд Ц.Мөнхбаяр даргадаа өмгөөлөгч авах хэрэгтэй байгаагаа мэдэгдэж өмгөөлөгчид төлөх мөнгө байхгүй учраас хандивын данс нээж байгааг албан ёсоор зарласан юм.
Баасан гарагт Чингис бондын зарцуулалтын талаар ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Харин одоогийн байдлаар 930 тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна.
УИХ-ын чуулган болон байнгын хороодоор энэ долоо хоногт төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээнээс 66кг жинд Д.Төмөрхүлэг, 60 кг жинд Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ. Японы Осака хотноо болсон “Осакагийн марафон 2013” тэмцээнээс гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ. 7 хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлаас тоймлов.
Аравдугаар сарын сүүлчийн долоо хоног өндөрлөж байна | ||
Үзсэн: 1956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.