Дуучин, ая зохиогч Отгойн Баянмөнх хэдхэн хоногийн өмнө “Үргэлж Монголтойгоо” цомгоо “өлгийджээ”. Түүнийг ард түмэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, дуучин Л.Чулуунбаатар нартай хамтарч дуулсан “Анд нөхдийн дуу”-гаар нь мэднэ. Харин ганцаарчилж бүтээсэн “Омогшил”, “Наран дотрох наадам”, “Алтан сэвлэгт үр” зэрэг дуугаар нь мэднэ. Эрхэм уран бүтээлчтэй бусад нөхдийнх нь хамт ярилцсанаа хүргэе.
-Хаврын урь хаяанд ирлээ. Уран бүтээлчдийн сэтгэл ийм үед улам хөглөгддөг болов уу?
-Тийм шүү. Нүүдлийн шувууд ганганалдаад нуурандаа буух нь шинэ уран бүтээлийн хөг аялгуу, санаа дагуулж ирэх шиг санагддаг.
-Таны саяхан хэвлүүлсэн “Үргэлж Монголтойгоо” цомгийг би сонссон. Шүлэг, аялгууг нь хэн бичсэн юм бол гээд харсан чинь таниас хөгжим нь төрсөн юм билээ ...
-Тийм. Миний амьдралын түүхэнд тохиож буй гэгээн замын нэг бол энэ. Би өөрийн аялгуугаараа дуу бүтээж, цомог гаргья гэж эртнээс бодож байлаа. Түүнийгээ биелүүлсэндээ баяртай байна. Нийтдээ зургаа дахь цомог маань “мэндэллээ”. Хөгжмийн найруулга, кино концерт, менежментийг нь ч би өөрөө бодож, гүйцэтгэсэн. Би Хөвсгөл нутгийн хүү. 13 овоо шигээ 13 дуутай цомог гаргасандаа баяртай байна. Хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье.
-Яагаад “Үргэлж Монголтойгоо” гэж нэрлэв?
-Энэ дууны шүлгийг уран бүтээлийн маань анд, яруу найрагч Ч.Алтантүлхүүр бичсэн. Би түүнд захиалж бичүүлсэн юм. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа олон мянган Монголчууд маань эх орон, аав ээж, үр хүүхэд, хань ижилээ санаж байгаа. Иймд тэдний тэрхүү хүслийг нимгэлэх гэж энэ дууг дуулсан. Мөн Монголчууд маань Монголоосоо битгий холдоосой, үргэлж хайрлаж, сүсгэлээсэй гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн.
-Таныг хүмүүс дуучин гэдэг утгаар илүү мэднэ. Хэчнээн дууны аялгуу зохиогоод байгаа вэ?
-30 гаруй дуунд аялгуу бичсэн. Тэднээсээ 13-ийг шилж, энэхүү цомогтоо багтаалаа. Хоёр жилийн өмнө яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг “Хамаг Монголын мялаалгын дуу”-нд анх удаа аялгуу бичиж байлаа.
-Хөгжмийн зохиолчид шүлгээ уншаад өөрийн гэсэн тодорхой арга барилаар аялгуугаа бичдэг нь мэдээж. Харин таниас ямар үед аялгуу төрдөг вэ?
-Шүлгээ уншаад тухайн үед төрсөн мэдрэмжээрээ бичнэ дээ. Өглөө, орой, бороотой, цастай ч хамаагүй. Би 16 жил орчим хугацаанд нийтийн дууны урлагаар урын сангаа баяжуулж байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээний туршлага, арга барил, мэдрэмжтэй болсон байж таарна. Түүнийгээ аялгуу бичихдээ ашиглаж байна.
-Сонирхоод асуухад сүүлийн үед та аялгуу бичих шүлэг эрэлхийлж байна уу, дуулах шүлэг хайж байна уу?
-Олон хүн надад шүлэг өгдөг, үзүүлдэг. Тэднээс өөрт таалагдсаныг нь л авч, бүтээл болгож байна. Миний сэтгэлд ойр, амьдралын үнэнтэй шүлгийг ихэвчлэн эрэлхийлдэг дээ. Мөн хийморьлог эрчүүдээ магтан дуулах дуртай.
-200-300 дууны аялгуу бичсэн хөгжмийн зохиолч “Би хүссэн хэмжээндээ хүртэл сайн аялгуу зохиож амжаагүй л явна” гэж хэлдэг. Таны хувьд ямар агуулгатай шүлгэнд, ямар хэв маягтай аялгуу зохиохыг хүсч байна вэ?
-Хэвшмэл биш өвөрмөц аялгуу зохиохыг хүсч байна. Одоо надаас гарч байгаа дуу ихэвчлэн Монгол ахуй “ханхалсан” дуу төрж байна. Гэхдээ цаашдаа поп дуу зохиохыг хичээж байгаа. Түүнчлэн зохиосон дуугаа өөр дуучидаар дуулуулах төлөвлөгөөтэй.
-Таны дууны клипэнд бөхчүүд их тоглсон байдаг. Өөрийг тань ч бас барилддаг байсан гэж сонссон. Хийморьлог эрсийн төлөөлөл болдог бөхчүүдийг ямар тохиолдолоор тоглуулаад байна вэ?
-Миний анхны цомог “Хөх Монголын хүчтэнүүд” нэртэйгээр гарч байсан. Тэрийг дагаад ч юм уу миний ихэнхи дуу хийморьлог эрсийг магтан дуулсан байдаг. Салхи нь тэгж хагарсан болохоор бөхчүүд ихэвчлэн тоглодог байх аа.
-Ирэх гуравдугаар сарын 6-нд та тоглолтоо хийх гэж байгаа юм билээ ...
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ, ханьдаа баярлалаа” нэртэй тоглолтоо “Аса” циркт зохион байгуулах гэж байна. Тэнд миний аялгуунаас төрсөн болон бусад уран бүтээлчээс хүртсэн дуу эгшиглэнэ. Энэ миний найм дахь тоглолт. Би ээжтэйгээ өссөн хүн. Отгой гэдэг хүн бол миний ээж. Би есөн хүүхэдтэй айлын отгон нь. Оюутан болтлоо ээжийнхээ дэргэдээс холдож үзээгүй. Харамсалтай нь ээж маань намайг оюутан болсон жил тэнгэрийн орноо заларсан. Тэр цагаас би ээжийнхээ хайрыг улам их үгүйлж, ачлал хайрыг нь санаж явсан. Түүнийгээ бүтээлдээ шингээж, энэ удаагийн цомогтоо ээжийн тухай гурван дуу зохиож, дуулсан. Ээж маань дээдэс тэнгэрээс сонсч, хүүгийнхээ уран бүтээлд сүү өргөж байгаа биз ээ.
Т.Сэр-Од: Энэ хүн уран бүтээлчээс гадна маш их хөдөлмөрч
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч.
-О.Баянмөнх бид хоёр нэг нутаг. Тэгээд ч би түүнийг эртнээс мэднэ. Сайхан дуучин. Харин одоо сайн аялгуу бичиж байна. Түүний “Омогшил”, “Хөх Монголын хүчтэнүүд”, “Наран доторх наадам” зэрэг дууг ард түмэн сонсох дуртай. Энэ хүн уран бүтээлчээс гадна их хөдөлмөрч. Ийм чанар уран бүтээлч хүнд маш чухал. Тэр нь дараа дараагийн уран бүтээлээс нь ч харагддаг. Тэр хөх мөнх Монгол, хөх мөнх Монголын хоймор нутаг, хөх уул, усны оронд төрсөн. Тэгэхээр ийм сайхан хүүгээ уул ус нь уран бүтээлийн олз омогт мордуулж, ташуур өгдөг биз ээ.
Ч.Алтантүлхүүр: Бид хоёр хамтарч “Үргэлж Монголтойгоо” дууг төрүүлсэн
Яруу найрагч.
-“Үргэлж Монголтойгоо” цомгоо гаргаж, тоглолтоо хийх гэж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсэе. Хорьдол сарьдагийн хөх нуруу, Хөвсгөлийн их далайн эрэг дээр төрж өссөн хүү ийм сайхан уран бүтээлч болохоос ч яах вэ дээ. Бид хоёр хамтарч “Үргэлж Монголтойгоо” дууг төрүүлсэн. Харийн улсанд ажиллаж, амьдарч байгаа Монголчуудыгаа эх орон тань үргэлж хүлээж байдаг юм шүү гэдэг санаагаар энэ дуу төрсөн.
Н.Лутбаяр: Би түүнийг анх “Омогшил” дуугаар нь мэддэг болсон
Яруу найрагч.
Сайхан цомог гаргажээ. Эх орон, уул ус, ижийгээ хүндэтгэн дуулсан сайхан бүтээл багтсан байна. Эцэг дээдэс, хүчит эрсийнхээ хийморийг дааж, дагаж, бахархаж дуулдаг О.Баянмөнхөд улам их амжилт хүсэе. Би түүнийг анх “Омогшил” дуугаар нь мэддэг болсон. Тэр цагаас хойш их үнэлдэг болсон.
Б.Болорцэрэн: Цаашдаа ч олон уран бүтээлд хамтарч ажиллана
Яруу найрагч.
-Хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй, уран бүтээлийн минь анд зургаа дахь цомгоо гаргаж, тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Би найзтайгаа гурван дуу бүтээсэн. Цаашдаа ч олон уран бүтээлд хамтарч ажиллана. Мөн олон сайхан дуу төрүүлсээр байгаарай.
Р.Хатанбаатар: Дуулалтаасаа дутахааргүй сайхан аялгуу бичжээ
Хөгжмийн зохиолч.
-О.Баянмөнхийг би чадварлаг, чансаатай уран бүтээлч гэж үнэлдэг. Сүүлийн үед өөрөө сайхан аялгуу зохиож байгаад нь алга ташин, баяр хүргэе. Зохиосон дууг нь сонсход дуулалтаасаа дутахааргүй сайхан аялгуу бичижээ. Иймд аялгуу хуур нь үргэлж эгшиглэж байхын ерөөлийг өргөе.
Төмөр-Очир: Хөгжмийн найруулгыг шинэчилсэн нь хамгийн том онцлог
"DMD" продакшны хөгжмийн найруулагч.
-О.Баянмөнх ахтай би 2009 оноос хойш 10 гаруй уран бүтээлд хамтарч ажилласан. Энэ цомгийн онцлог нь тэрбээр бүх дууныхаа аялгууг зохиосон. Мөн хөгжмийн найруулгыг шинэчилсэн нь хамгийн том онцлог. Хамгийн гол нь сонсогч та түүний дууг хэрхэн дүгнэх нь өөрийн тань сонголт болж үлдлээ. Ямартай ч нэгийг бодож, хоёрыг тунгаах болов уу. Миний хувьд О.Баянмөнх ахтай дараа дараагийн уран бүтээлд улам чамбай хамтарч, олон сайхан дуу бүтээх болно.
О.Баянмөнх: 13 овоо шигээ 13 дуутай цомог гаргасандаа баяртай байна | ||
Үзсэн: 3654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.