СУИС-ийг 2005 онд төгссөн. Морин хуурын багш мэргэжилтэй. УГЗ Ц.Пүрэвхүүгийн гарын шавь.
-Манай залуус сүүлийн үед үндэснийхээ урлагаар суралцах сонирхолтой болсон. Энэ байдал танай сургууль дээр хэр ажиглагддаг вэ?
-Сүүлийн таван жил монгол үндэсний урлагаа гэсэн сэтгэлтэй залуус их болсон. Конкурсны үеэр уртын дуу, морин хуурын анги хамгийн их эрэлттэй байдаг. Энэ нь монголчууд үндэс угсааныхаа үнэ цэнийг мэдэрч байгаатай холбоотой. Мөн ерөнхийлөгч маань морин хуур, уртын дуугаа дээдлэе гэсэн уриалга гаргасан нь ч нөлөөлсөн. Нөгөө талаас үзэгчид ч гэсэн монгол урлагаа маш сайхан хүлээж авах болжээ.
-Морин хуурч мэргэжлийг сонгох болсон шалтгаан?
-Миний ээж багш, аав жолооч хүн мэргэжилтэй ч урлагт хайртай, урлагийг ойлгодог хүмүүс. Анх намайг ээж 44 дүгээр сургууль дээр морин хуурын дугуйланд оруулсан. Тэр цагаас энэ урлагт дурлаж гүнзгийрүүлж сурсан.
-Морин хуур танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Морин хуурыг гайхамшигт сайхныг оноож хэлсэн үг бий. Хоёрхон утсаараа хорвоог уяраасан, эсвэл тэнгэр газрыг аргадсан ч гэх нь бий. Миний хувьд өөрөө дурлаж, мэдрэж тоглодог. Морин хуурын аялгуу хүнд ер бусын тайвшрал, мэдрэмж бүр цаашлаад ухаарал өгдөг. Би сэтгэл санаа жаахан тогтворгүй үед хуураа бариад л авдаг. Би энэ мэргэжлийг сонгосноороо их бахархдаг. Хуурынхаа буянд олон сайхан үйл явдалд оролцож гадаад дотоод, найр наадам, хөдөө хотгүй л явж байна.
-Айл болгон морин хууртай болох уриалга гарснаас хойш хуур хийх хүмүүс олширсон. Янз бүрийн үнэтэй хуурнууд байна. Хийц маягийн хувьд ч тэр?
-Чанар бол сайжирч байна. Намайг оюутан байхад Энхболд, Байгальжав, Уламбаяр гээд мастерууд байсан. Одоо бол зөндөө болсон төдийгүй ардын, сонгодог чиглэлээр хуваагдсан. Мастерууд үүний дагуу хөгөлгөөгөө хийж байна. Сонгодог морин хуурын хөгийг хийл дуугаралттай болгох жишээтэй.
-Уламжлалаасаа гажиж байна гэж ойлгож болох уу?
-Гажаад байх ч юу байхав. Нэг талаасаа сонгодог хуур тоглоно гэдэг нь уран бүтээлчийг чадваржуулж байгаа юм.
-Баярлалаа.
МУСТА М.Алтанбат: Уртын дуу, морин хуурын анги хамгийн эрэлттэй байдаг... | ||
Үзсэн: 3140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.