“Манан зүсэгч” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ. Иймд тус киноны найруулагч, зохиогч Л.Эрхэмбүрэнтэй уулзаж, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны бүтээсэн киноноос үзэгчид юуг мэдрэх бол ...
-Миний үеийн залуучууд өнөөгийн нийгэмд ямар нэгэн үйл ажиллагаа, ажил эхлүүлэх гэхээр хэлмэгдэх нь элбэг байдаг. Гэхдээ хэцүү нэртэд хоригдож байна гэж хэлж байгаа юм биш шүү. Залуучууд л болохгүй, бүтэхгүй байна гэх мэтээр хэлүүлдэг. Үүнийг л би зохиолдоо шингээн бичиж, найрууллаа.
-Нэрийг нь сонссон хүмүүс их гайхаж байна. Яагаад “Манан зүсэгч” гэв?
-Хүмүүс янз бүрээр л ойлгож, хэлж байна. Тэр нь ч гоё юм. Гэхдээ би нийгмийн бусармаг “манан”-г зүсч, эрүүл нийгмийг бий болгодог хүмүүс бол залуучууд шүү гэдгийг илтгэхийг зорьсон. Манай улсын нийгэм өнөөдөр хэцүү байна шүү дээ. Үүнд л би тулгуурласан. Уран бүтээлийнхээ ч санааг олсон.
-Гэхдээ хүмүүс “Манай нийгэм хэдийгээр хэцүү байгаа ч сайхан зүйлийг нь олж харах хэрэгтэй” гэдэг ...
-Сайн сайхан зүйл мэдээж олон байна. Үүнийг гадаа гараад эсвэл аль нэг уран бүтээлээс харж болж байна. Гэхдээ би заавал “Энэ болохгүй байна гээд” мууг нь онцлоод байгаа юм биш. Залуучуудад энэ тал нь илүү хүндрэлтэй байдаг юм гэдгийг л хэлэх гэсэн юм.
-Тэгвэл залуучууд юунд анхаарвал сайхан амьдралыг бий болгох вэ. Залуу хүнийхээ хувьд уншигчиддаа бодлоо хуваалцана уу?
-Миний дотны хүмүүс надад “Чи ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаа бол чин сэтгэлээ гарна. Тууштай бай. Тэгвэл сайхан амьдралд хүрнэ” гэж хэлдэг. Ийм л замаар явбал хүссэн амьдралаа бий болгох болов уу.
-Жүжигчидээ хэрхэн сонгов?
-Би зохиолоо бичиж эхлэхдээ л “Энэ дүрд хэн тоглох вэ” гэдгийг тооцоолсон. Тодруулбал манай “Oi” энтертайнментийн жүжигчин Т.Нямдорж, Г.Алтандуулга нараас гадна “Маск” продакшны жүжигчин Р.Сүхболд, Э.Мөнхтөр, саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн Г.Золбоо ах. Мөн Ц.Амартүвшин, Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин М.Бямбаа нар тоглосон. Гол дүрийг нь бидний үеийн залуучууд бүтээсэн.
-Зураг авалт хаана хийгдэв. Нэлээн өндөр өртөгөөр бүтсэн гэж сонссон ...
-Үнийн хувьд нэлээн хөрөнгө зарсан. Гэхдээ яг тэд гэдгийг нь нууцалья. Зураг авалтын хувьд маш хүндрэлтэй нөхцөлд хийгдсэн. Өвлийн шөнө голын эрэг дээр ихэнхи зураг авалт үргэлжилсэн болохоор хүйтнээс эхлээд харагдах орчин бага гэх мэт асуудал их байсан. Гэхдээ үзэгчдэд маш сонирхолтой байх болов уу.
-Зохиол болон зураг авалтад хэдий хэрийн хугацаа зарцуулагдсан бэ?
-Зохиолоо долоон сар орчим хугацаанд бичиж, зураг авалт гурван сар үргэлжилсэн. Өвлийн улиралд өдөр богино учраас цаг алдсан зүйл бий.
-Та уншигчдадаа өөрийгөө танилцуулах үүднээс өмнө нь ямар уран бүтээлд ажиллаж байснаа сонирхуулахгүй юу?
-Би 2012 онд СУИС-ийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Н.Ганхуяг багшийн удирдлага дор жүжигчин мэргэжилээр төгссөн. Тэр жилдээ “Oi” энтертайнментаа байгуулж, “Royal” телевизтэй хамтран “Хөтөч” нэртэй олон ангит уран сайхны киног анх удаа хийсэн. Харин бие даасан кино гэвэл 2015 онд “Хүсэл” нэртэй найзуудын тухай уянгын драмын киног бүтээсэн. 2016 онд “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна” зэрэг киног “Маск” продакшн, “Uujim” фильмтэй хамтарч гүйцэтгэсэн. Миний хувьд “Fantastic” продакшны захирал Б.Тамир ахтай хамтарч “Миний ах атмаан”, “Маш нууц” зэрэг хэд хэдэн киноны зохиол, найруулгад хамтарч ажилласан.
-Нууц биш бол танай интертайнментийн дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ?
-Ирэх наймдугаар сард хилийн чандад уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа.
-Зарим найруулагч өөрийнхөө кинонд тоглосон байдаг. Таны хувьд жүжигчний мэргэжилээ ил гаргах бодол бий юу. Үүгээр хоёулаа яриагаа өндөрлье?
-Би өөрийгөө найруулагч гэж хэлэхгүй. Үүнийг үзэгчид маань бүтээлээс минь харж хэлнэ. Гэхдээ надад кинонд тоглох бодол бий. Энэ мэргэжлийг эзэмшсэн юм чинь, тийм биз дээ. Гагцхүү тэр мөчийг цаг хуагцаа харуулна.
Л.Эрхэмбүрэн: Зохиолоо бичиж байхдаа л дүрээ тооцоолчихсон байсан | ||
Үзсэн: 4025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.