Шууд Chart

MNB.MN - Энэ долоо хоногт онцлож байна

2013-11-09 09:14:24

11 сарын эхний долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. Үдэж буй энэ долоо хоног тулгар төрийн 2222 жил, Чингис хааны мэндэлсний 851 жилийн  ой, “Монгол бахархлын өдөр”-өөр эхэлж бүх нийтийрээ амарсан.  "Монгол бахархлын өдөр"-т зориулсан үндэсний 128 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ХЦ-0311 анги, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм. Спортын амжилтаас цааш онцолбол Белорусь Улсын Орша   болсон “Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-10 насны төрөлд Ганбатын Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртлээ. БНСУ-д болсон Оюутны Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авч багаараа мөнгөн медаль хүртлээ. 

Нийгмийг хамарсан онцлох үйл явдлаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажлыг нэрлэж байна. Нийслэлийн төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авах энэ ажил 12 хоногийн турш үргэлжлэх юм. Сар бүрийн II долоо хоногийн Мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээр энэ удаа 21 аймгийн удирдлагууд нутаг орноо орон сууцжуулах ажлыг хэрхэн төлөвлөж байгаа талаар ярилцлаа. Харин УИХ-ын чуулганы хуралдаан энэ өдрүүдэд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай”  зэрэг хуулийн төслийг голчлон хэлэлцлээ. Харин ирэх оны төсвийг батлах хугацаа дөхөж буй энэ үед их хуралд суудалтай намууд төсвийн талаарх байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, АН олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаахыг дэмжиж, иргэндээ ээлтэй хариуцлагатай төсөвтэй болохыг уриалав. 2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулснаас 289 барилгын төсөвт өртгийг эргэн харах шаардлагатай гэж үзсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг эргэж харах шаардлагатай гэж Аудитын газар болон АТГ-т хандсан юм. Энэ дагуу АТГ нэр бүхий 110 төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мэдээлэл солилцож, шалгахад 110 төслөөс 2012-2013 онд зөвхөн зургаан барилгыг л улсын комисс хүлээн авсан байна. Харин бусад нь дуусаагүй буюу нэмэлт санхүүжилт шаардаж байгаа гэнэ. Харин  “Шударга ёс” эвслийн бүлэг зарим нэг төсвийг танаж урсгал зардлыг болон хөрөнгө оруулалтын зардлыг хасах шаардлага байгааг онцлов. Тус бүлэг урсгал зардлаас 160 тэрбум, хөрөнгө оруулалтаас 360 тэрбум төгрөг танах буюу хэмнэх бололцоо байна гэлээ.

Тэгвэл  МАН-ын бүлэн ирэх оны төсвийн талаар хэлэлцэхдээ  төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн юм. Засгийн газар ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг зориулна гэж төсвийн төсөлд тусгасан. Ийм мөнгөөр цалин, тэтгэврийг 8-10 хувиар л өсгөх боломжтой  гэж үзсэн юм. Энэ асуудалтай зэрэгцэн эмч, багш нар ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд төсөвлөсөн 200 тэрбум төгрөгийг бага хэмээн үзэж жагсаал хийхээ мэдэгдээд амжсан.

Гэвч хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд дээрх мөнгөн дээр 35 тэрбум төгрөг нэмж суулгах болсноор асуудал намжив. Ерөнхий сайдын уламжлалт 30 минут уулзалтад  Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо. Эрүүл мэндийн салбарт одоо 47 барилга баригдаж буйгаас ондоо багтаж 12 барилга ашиглалтад орох гэнэ. Түлэнхийн төвийн барилгын тендер 8 тэрбум төгрөгөөр эхэлсэн ч 26 тэрбум төгрөг болж өссөн аж.  “Төсвийн хөрөнгөөр барих барилгуудаа барих ч төсвийн хөрөнгөөр барилгын бизнес хийдгийг таслан зогсооно.

Байшин барих нь гол зорилго биш, өвчтнийг эмчлэх, тусламж үзүүлэх нь чухал” гэж Ерөнхий сайд хэлсэн. Мөн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа дутуу орхигдсон, ашиг тус багатай байшингуудыг дуудлагаар худалдана гэж Ерөнхий сайд мэдэгдснийг онцолж байна. Түүнчлэн сайд эмнэлгийн дарга нарын томилгоо хийдгийг болиулна. Эмнэлэг биеэ дааж ажилладаг, удирдлагаа өөрсдөө томилдог болох учиртай. Эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлтүүдийн нэг нь энэ гэж хэллээ.

МЗХ-ноос санаачлан “Унадаг дугуйтай –Улаанбаатар хот” төслийг УИХ-д өргөн барьлаа. Гурван жил дамнан хэрэгжих энэ төслийн хүрээнд нийслэл 143 км дугуйн зам, 99 цэгт дугуйн зогсоолтой болох аж.
Мөн энэ өдрүүдэд МҮОНРТ-ийн 70 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллаж нэвтрүүлгүүдийнхээ нэг дугаарыг энэ нутгаас бэлтгэлээ.

Нийслэлийн цагдаагийн газраас цахим ертөнцийн гэмт хэргийн талаар дахин сэрэмжлүүлэг өгөв. Өнөөдрийн байдлаар цахим мэдээллээс үүдсэн болон хүний наймааны шинж чанартай 68 хохирогчтой 22 хэрэг шалгагдаж байгаа гэнэ. 
 

Нийтэлсэн: Б.Баярт

MNB.MN - Энэ долоо хоногт онцлож байна  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй