Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа юм. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 300 км замын ажлыг 2009 онд эхлүүлсэн, үүнээс 104 км замын санхүүжилтэд зориулан Чингис бондын хөрөнгөөс 49.2 тэрбум төгрөг гаргаж, жилийн дотор барьж дуусгасан нь энэ юм. “Хөгжил бидний хажуугаар өнгөрч байна гэж ярьдаг байсан Дундговьчууд өнөөдрөөс авто замын сүлжээний гол бүсүүдийн нэг боллоо. Улаанбаатар-Өмнөговийг холбосон их замын дунд орших Дундговь аймгийн энэ зам говийн бүсэд хөгжил тээн хүргэх болно. Энэ замаар Оюутолгой, Тавантолгойн их бүтээн байгуулалтын тээвэр хийгдэж, олон том ажлыг урагшлуулна. Бүтээн байгуулалт, хөгжлийн үр шим Дундговьчуудын хаалгаар орж, иргэдийн маань амьжиргаанд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж шинэ замыг улсын комисст хүлээн авах ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Энэ замыг дагаж олон сум нийслэлтэйгээ автозамаар холбогдаж байгаа нь орон нутгийн хөгжилд том түлхэц өгөхийг Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар дурьдлаа.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 300 км зам ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 2742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.