![](/uploads/201311/news/thumb/847fc7a4f3fbcc95b7a0fdd2a46181e6_x3.jpg)
2013 оны 5 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр” 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Энэ хэлэлцээрийн дагуу Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч 6 сарын хугацаанд 90 хүртэл хоног, өөрөөр хэлбэл бүтэн жилд 180 хүртэл хоног ХБНГУ-ын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой юм.
Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч иргэн дурдсан хэлэлцээрийн дагуу гагцхүү ХБНГУ-д визгүй зорчих эрхтэй бөгөөд Шенгений бүсийн бусад орны нутаг дэвсгэрт тухайн улсын, эсхүл Шенгений зохих визгүйгээр нэвтрэх эрхгүй юм. Харин Монгол Улстай дипломат болон албан паспортой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан Польш, Чех, Словак, Унгар улсад ХБНГУ-ын нутаг дэвсгэрээс /мөн эдгээр орны нутаг дэвсгэрээс ХБНГУ-руу/ шууд зорчих эрхтэй.
Энэхүү хэлэлцээрт хэрэглэгдэж буй “Цахим” буюу “биометрийн” гэсэн нэр томьёо нь Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагын олон улсын стандартын дагуу хүний биометрийн мэдээллийг хадгалах чадвар бүхий цахим санамжтай дипломат паспортод хамаарах бөгөөд ГХЯ-ны Консулын газар 2012 оноос эхлэн энэ төрлийн дипломат паспортыг эрх бүхий албан тушаалтнуудад олгож байна.
Цахим дипломат паспорт эзэмшигчдийн анхааралд | ||
Үзсэн: 2088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.