Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй “LEAD Summit” арга хэмжээг нээж үг хэлэв. Уг арга хэмжээг АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “World Learning” олон улсын ТББ зэрэг байгууллага хамтран 2017 оны 5 дугаар сарын 2-5-нд зохион байгуулж байгаа юм.
Тус бага хурал нь АНУ-ын Засгийн газраас 2016-2018 онд хэрэгжүүлж байгаа “LEAD Mongolia” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд арга хэмжээнд Киргиз, Бутан, Мьянмар зэрэг орны 15 залуу, “LEAD Mongolia” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д аялж, туршлага судалсан манай 30 залуу болон манай бусад төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээний, боловсролын байгууллагын төлөөлөл уригдан оролцож байна.
Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрригийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр зарлагдсан “LEAD Mongolia” хөтөлбөр эрчимтэй, үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж, хувь нэмэр оруулан ажиллаж буй АНУ-ын Элчин сайд хатагтай Ж.Гаалтад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь Киргизстан, Бутан, Мьянмар зэрэг улстай ойр дотно харилцаатайг онцолж, эдгээр орны залуучууд манай улсад хүрэлцэн ирж туршлага, мэдээлэл, санал бодлоо харилцан солилцоход энэхүү бага хурал чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэв.
“LEAD Mongolia” хөтөлбөр нь хүрээлэн буй орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдлыг хэвшүүлэх, авилгын эсрэг тэмцэх зэрэг сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа өрнүүлж байна. “LEAD Summit” бага хурал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.