Шууд Chart

Уяран догдолж, ухаарч омогшсон 20 жил

2013-11-13 17:37:16

...Хорвоо гэдэг хоёр туйлтай

Хагацал байхгүй болбол
Хаана нь бид багтах юм бэ
Хаанаас ирснээ санана уу.. хэмээн  тэд дуулна. Гэхдээ зүгээр ч нэг дуулсангүй. Дэлхийн рок, поп хөгжмийн музейд дуулж байна. Энэ бол Монголын хөгжмийн урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулан бүтээсэн "Сануулсаар байтал" дуу юм.  Ялж, ялагдаж, зовж жаргаж, бардамнаж бас ухаажиж туулсан он жилүүдээ тэд ийн дуулжээ. 1994 оноос эхлэн монгол түмнээ олон сайхан бүтээлээрээ уярааж, ухааруулж, уйлуулж, дуулуулсан ахан дүү рок залуус ойн баяраа угтаж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хамтлагийн түүхийг өгүүлсэн ном, баримтат уран сайхны кино бүтээх, “Хурд” нэрийн аксессуарууд гаргах, алтан пянз хэвлүүлэх, black box буюу уран бүтээлийн цоморлиг бэлтгэх, хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй 30 ширхэг оргиналь гитар үйлдвэрлэх зэрэг олон ажил хийгдэж байна.
Ойг хамтлагийн залуус дэлхийн том группуудын жишгээр тэмдэглэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь манай хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд жишиг болгох зорилго агуулжээ. Түүнчлэн энэ бүхий л үйл ажиллагаа “Хурд”-ыг сонсож, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хүн бүхэнд зориулагдсан гэдгийг онцлох хэрэгтэй.
Ойн хүрээн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал бол “Хурд 20 жил” тоглолт юм. Хамтлагийн урын сан дахь 180 дуунаас шилдэг 33 нь дуулагдах баярын концерт 11 сарын 29, 30-нд “Ub palace”-ын их танхимд болно. Тоглолтын найруулагчаар “On & Off”-ын С.Ононбат, зохион байгуулагчаар хамтлагийн дэргэдэх “Hurd” продакшн ажиллаж байна.
 “Хурд” хамтлагийн эх орноо магтсан эрэмгий бүтээлд нь омогшиж, ээж, ааваа хайрлах уянгалаг дуунд нь тайтгарч, хөнгөн гуниг төрүүлэх хайрын аялгуунд нь ухаажиж, хөөрч дүүлэм рок хөгжимд нь татагдсан үе үеийн нь фэнүүдэд нь ч гэсэн энэ тэмдэглэлт цаг хугацаа түүх, дурсамж, бахархал, бардамнал болох учиртай. “Хурд” гэдэг нэр үеийн үед дурсагдаж,  хуучирч уйдамгүй бүтээл нь зуун зуунд эгшиглэнэ.
Нийтэлсэн: Б.Баярт

Уяран догдолж, ухаарч омогшсон 20 жил   
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй