Өвлийн эхэн сарын хоёр дахь 7 хоног өндөрлөж байна. Үйл явдал, шинэ соргог мэдээ, мэдээллээр дүүрэн нэгэн 7 хоногийг үдэж байна. Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган” болж өнгөрлөө. Энэ нь Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход чухал алхам болсныг онцолж байна.
МАН-ын шинэ дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нарыг үндэсний зөвшилцөл нэртэй нээлттэй уулзалтад урьж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцах, үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зөвшилцдөг, үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгох нь уулзалтын зорилго байсан юм.
Ийнхүү улс төрийн намын удирдлагууд болон зарим намын төлөөлөл нэгдэж зөвших энэ мөчид 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж УИХ-д суусан Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан хүсэлтээ гаргалаа. Түүний хүсэлт өргөдлийн гол агуулга нь “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг Намын дүрэмд суулгах санаачилга ор сураггүй алга боллоо. Нөхцөл байдал иймд намын төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-ны гишүүн гэж тооцогдох нь намын гишүүний хувьд, ёс зүйн хувьд зохисгүй “хэмээн үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтыг хийж Монгол Улсын ойрын 10 жил, дунд ба урт хугацааны ирээдүйн замын зураг гаргахаар болов. Ерөнхий сайд уламжлалт 30 минутынхаа уулзалтаар сүүлийн үед нийгэмд тархаж буй зарим нэг асуудалд хариулт өгөв. Хүүхдийн 20 000 төгрөг, 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр цаашид хэвийн үргэлжилнэ. Монгол Улсад одоо мөрдөж буй 23 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинээр бий болгохгүй. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ урамшуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татварыг багасгах зорилгоор ажиллаж байна. Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийгдэхгүй.
Дорноговь аймагт 22 тугал үхсэн шалтгааныг судлан шат дараалсан хяналт шалгалт хийхэд ионжуулагч цацраг, ураны нөлөөллөөс шалтгаалж хүн, мал хордоогүйг тогтоосон. Засаг дарга нарт төсөв зарцуулах эрхийг шилжүүлсэн байгаа. Иргэдээсээ асууж, тэднээс хамгийн олон санал авсан төсөлд хөрөнгө зарцуулах учиртай. Орон нутагт төсөв шилжүүлсэн бодлогыг зөв хэрэгжүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэж ерөнхий сайд өөрийн цагаараа хэллээ. Нийслэлийн “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлуүүлгийн санал хурааж, нэгтгэх ажил өндөрлөв.
Төсвийн төслийн нэгтгэсэн саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар болов. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталж нийслэлийн төсвийн орлого, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, урсгал зардлын хэмжээ, улсын тусгай шилжүүлгийн хэмжээ, улсад төвлөрүүлэх орлогод тус тус өөрчлөлт орууллаа. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд энэ долоо хоногт 1039 иргэн хандлаа.
Эмнэлгийн байгууллагын үйлчилгээ, хүнд суртлын асуудал, автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах асуудал, МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаарх шүүмжлэл хандалтын дийлэнх хувийг эзэлжээ. МУИС-ийн УЗ сургуулийг байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хууль, бизнес, хэрэглээний ухааны гэсэн дөрвөн чиглэлийн салбарт хуваах шийдвэр гаргаж баталсан юм. ШӨХТГ иргэдийн санал, гомдлын дагуу хийсэн шалгалтын зөрчлийг арилгаагүй, шаардлага биелүүлээгүй гэх Номин холдинг компанийг нэг тэрбум нэг зуун сая төгрөгөөр, Миний дэлгүүрийг дөрвөн зуун сая төгрөгөөр, "Магнай трейд"-ийг 2.3 тэрбум төгрөгөөр, "Жаст"-ыг гурван тэрбум төгрөгөөр тус тус торгох шийдвэр гаргаснаа мэдээллээ.
УМБГ олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим нэгэн гэмт хэргүүдийн талаар нэгдсэн мэдээлэл хийлээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар УМБГ-т албаны хэмжээнд иргэд байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 28146 гомдол мэдээллийг хүлээн авснаас 27178 буюу 96,5 хувийг нь шийдвэрлэсэн байна. Онцолбол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарт олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр, түүний гэргий О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа бөгөөд О.Эрдэнэсолонгын Голомт, Зоос, Улаанбаатар, Төрийн банкуудад байрших нийт долоон ширхэг дансыг шалгаж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг битүүмжилжээ. УИХ гишүүн Ё.Отгонбаяртай холбогдох хэргийг Улсын прокурорын газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын үйл явцыг хэвийн үргэлжилж байгаа аж.
25-30 насны эрэгтэйчүүд бага насны охидыг хууран мэхэлж машиндаа суулган, хүчирхийлэх хэд хэд удаа гарч эзэн холбогдогч нь баригдан шалгагдаж байна. Намрын ээлжит бус болон ээлжит чуулган дамнан хэлэлцсэн ирэх оны төсөв батлагдлаа. Улсын Их Хурал Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа.
Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав.
Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр тогтов. Мөн ирэх онд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоолоо. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” энэ өвөл олон жилийн дунджаас их цастай гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв байгаа ч цас хайлуулах бодис хангалттай нөөцөлсөн гэдгийг иргэддээ дуулгалаа. 7 хоногийн онцлох үйл явдлаас тоймлов.
MNB.MN - Энэ долоо хоногт онцлож байна | ||
Үзсэн: 1808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.