Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай ярилцлаа. Тэрбээр Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байгаа билээ. Түүнтэй ажлынх нь өрөөнд уулзалдсан юм.
ЭНЭ ИХ ХЭРҮҮЛЭЭС БОЛЖ БӨХ УСТАХ ВИЙ
-Улсын баяр наадам ганцхан сарын дараа болох гэж байна. Энэ жилийн наадмын бөхийн барилдааны өнгийг та хэрхэн харж байна вэ?
-Бөхчүүдийн хэн хэн нь бэлтгэл сайтай болсон энэ цагт яг тэр түрүүлнэ гэж хэлэх хэцүү. Тэгээд ч тухайн өдрийн од, аз гэж бий. Энэ бүхэнд түшигдсэн бөх л түрүүлнэ дээ.
-Өнгөрсөн жилийн баяр наадамд танай нутгийн хоёр бөх түрүүлж, үзүүрлэж, наадамчин олноо баясгасан шүү дээ ...
-Олон жилийн өмнө манай нутгийн бөхчүүдэд тохиолдож байсан үйл явдал өнгөрсөн жил дахин тохиосонд баяртай байгаа.
-Энэ жил ч та Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг дээгүүр барилдах болов уу гэж харж байна уу?
-Мэдээж харна. Гэхдээ ийм зүйлийг түрүүлж хэлж болдоггүй юм. Олон сайхан залуучууд ч байна шүү дээ.
-Таныг “Алдар” спорт хорооны даргаар томилогдоход хүмүүс “Албан үүрэгтээ анхаараад бэлтгэл сургуулилалтаа цалгардуулах вий” гэж байсан?
-Магадгүй. Гэхдээ би тэгэхгүй ээ. Тамирчин хүн учир эднийхээ дунд бужигнаад бэлтгэлээ хангачихаж дөнгөнө.
-Олон хүнийг удирдана гэдэг амаргүй. Ачаалал асар их нэмэгдэж байгаа биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ манайхан олон жил атгасан гар шиг байсан болохоор хэн хэнийгээ ойлгохдоо амар.
-Та өрөөгөө тохижуулж амжаагүй юмаа даа. О.Балжинням аваргыг байхад байсан зүйл хэвээрээ шахуу харагдана?
-Энэ тал дээр нэг их санаа тавиагүй л байна. Яваандаа болно биз.
-Өөрийнхөө зургийг ханандаа байрлуулахгүй юм уу. Дарга нар тэгдэг юм билээ?
-Ажил л бүтэж байвал тэр яах вэ.
-Та чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Ажлаа гэнэт өгсөн нь ямар учиртай юм бэ?
-Янз бүрийн сонин хэвлэлээр эсрэг мэдээлэл гарсан болохоор ийм шийдвэр гаргасан юм. Гэхдээ хувь хүн надад хандаж тийм зүйл гарсан ч нэг их ач холбогдол өгөхгүй. Хамгийн гол нь энэ их хэрүүлээс болж бөх устах вий гэж бодсон юм. Надаас болж бөх нь хохирвол бүр ч их харамсалтай байна биз дээ. Гэхдээ сүүлийн үед амжилт өсч байна аа. Эмэгтэй баг бүх жинд ямар ч тэмцээнд медаль хүртэж байна. Харин эрэгтэй багт жаахан учир дутагдал бий. Хэдэн жилийн дараа өөрчлөгдөх байх.
-Чөлөөт бөх нэг хэсэг уналтад орсон. Үүнтэй санал нийлэх үү?
-Нийлнэ. Унасны гол шалтгаан нь зарим нэг хүний жалга довны үзэл, тэмцээн уралдаанд байнга явж чаддаггүйн улмаас болсон шүү дээ. Тийм зан гаргасан хүн одоо ойлгож байгаа биз. Гадагшаа ямар нэгэн тэмцээнд явах гэхээрээ долоо хоногийн өмнө л зардлаа хайж эхэлдэг байлаа.
ААВ ЭЭЖЭЭСЭЭ НУУЖ БАРИЛДДАГ БАЙЛАА
-Та бөхийн спортод хожуу орсон юм билээ. Яагаад тэр вэ?
-Монголчууд миний өвөөг Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян гэдгийг сайн мэднэ. Би багаасаа спортын гэр бүлд өссөн. Тиймээс спортын хүн болох нь гарцаагүй байсан. Өвөө маань ч намайг “Бөх болно. Идэр нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж аав ээж болон ойрын хүмүүст захисан юм билээ. Тэр үг өвөөгийн минь холч ухаан байж дээ.
-Яагаад тэгж хэлсэн юм бол?
-Бага насны хүүхэд амархан бэртдэг болохоор тэгсэн байх. Гарын ая даахтай болтол нь барилдуулахгүй байя гэсэн санаа шүү дээ. Тэглээ ч би аав ээжээсээ нууцаар айл, саахалтынхаа хүүхдүүдтэй барилдана. Хааяа алга болчихоор тэд намайг барилдаж байгааг гадарлаад араас эрэл сурал болж авч явдаг байлаа.
-Тэгэхээр барилдах үнэхээр сонирхолтой байжээ?
-Тийм. Хориглоод байхад нь барилдана гэдэг дуртайн шинж шүү дээ.
-Өвөө тань бөх болно гэдгийг тань сайн мэдэж байжээ?
-Бөх хүн зөн совингоороо ч гэх үү дээ, мэдсэн байж. Гэхдээ би аймгаасаа хотод ирээд шууд барилдаагүй. Бөхийн спортод боловсрохын тулд дөрвөн жил дугуйланд явсан.
-Та өвөөгөө хэр сайн мэдэх вэ?
-Мэдэлгүй яах вэ. Намайг зургаан настай байхад бурхан болсон юм. Цэцэрлэгт байхад багш хоёр ширхэг 24-ийн чихэр өгөхөөр би нэгийг нь идчихээд нөгөөг нь өвөөдөө өгнө. Тэгэхээр хэсэг хугацааны дараа намайг дуудаад “Өвөө нь хүүдээ чихэр өгнө өө” гээд л дэрнийхээ дороос нэг чихэр гаргаж ирнэ. Ухаан орсон үедээ бодоод байхад өвөө маань миний өгсөн нэг чихрийг хадгалж байгаад намайг мартахаар өгдөг байж. Хоёуланг нь идчихдэг би муу хүү байсан байгаа биз (инээв).
-Таныг МҮБХ-ны дэд тэргүүн П.Даваасамбуу гуай нийслэлд авчирч, бөхийн спортод хөл тавиулсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?
-Монгол бөхийн төлөө асар их сэтгэл гаргасан хүний нэг. Намайг сайхан барилдах байх гэсэн үүднээс тоосон гэдэг юм. 1985 онд аймгийн төвд тавдугаар ангид сурч байхад хотоос очиж намайг сураглаж ирж байсан юм. Тухайн үед “Чи сайн бөх болох учиртай. Чамайг аравдугаар анги төгсөхөөр чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг гэж байгуулагдана. Түүнд ороорой” гэж хэлээд явсан юм. Тэр ёсоор би П.Даваасамбуу багшийн үгээр шигшээ багт орсон.
-Та өвөөгийнхөө насны ойгоор буурин дээрээс нэг чулуу авч хөшөөнийх нь хөлд тавьсан гэдэг. Ямар учиртай чулуу билээ?
-Өвөө маань малынхаа хашааны гадсыг тэр чулуугаар цохиж шаадаг байсан юм. Нутгийн ардууд харж явдаг байсан юм билээ. Тиймээс хүмүүс харж явбал сонирхолтой юм уу гэсэн үүднээс тавьсан юм.
-Хэр хүнд вэ?
-Харахад нэг их том биш ч хүнд юм билээ. Ойролцоогоор 100 гаруй кг байгаа байх.
Д.СУМЪЯАБАЗАР ИХ ХӨДӨЛМӨРЧ. ТЭР ЧАНАР НЬ ӨНӨӨДРИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРГЭСЭН
-Та дархан аварга Ж.Мөнхбаттай яаж холбогдсон юм бэ?
-Аваргыг хүн бүр л мэднэ шүү дээ. Би багадаа өвөөгөөсөө гадна энэ аварга шиг бөх болох юмсан гэж боддог байлаа. Бөх болох хүсэлд жигүүрлэж байхад нутгийн нэг ах намайг “Ж.Мөнхбат аваргад шавь оруулна” гээд дагуулаад явсан юм. Тэд өмнө нь ярилцсан юм билээ. Тухайн үед би мэдээгүй байсан л даа. Тэгж л аваргын шавь болсон түүхтэй.
-Таны анхны цол сумын заан. Олны өмнө зодоглоход ямар санагдаж байв?
-Сумын наадам ч гэлээ олны өмнө барилдах гэж байгаа болохоор аваргууд шиг дэвээ, шаваа гэж сүртэй шүү дээ. Хамгийн гол нь өвөөгийнхөө суманд анхны цолоо хүртсэндээ бэлгэшээдэг.
-Тэгвэл улсын анхны цол тань заан байсан нь бас л бэлгэшээлтэй санагддаг байлгүй ...
-Тийм шүү. Хүн хуурай газрынх. Заан ч хуурай газрын хамгийн том, хүчтэй амьтан. Тиймээс улсын цолоо заанаар эхэлсэндээ билэгшээдэг. Би 1995 оны улсын их баяр наадмын өмнөх “Их сорилго”-д барилдаж байгаад мөрөө гэмтээчихсэн юм. Гэтэл Ж.Мөнхбат багш “Бэлтгэл хийхдээ зодог битгий өмс” гэсэн юм. Мөр гэмтсэн үед зодог өмсөхөөр бие бариад улам гэмтээдэг юм билээ. Тэр жилийн наадмын бэлтгэлээ зодог өмсөлгүй хийсэн шүү дээ. Тэр бэлтгэл, багшийнхаа буянаар заан цол хүртсэн.
-Хэдэн оноос амьдралаа “Алдар” спорт хороотой холбосон юм бэ?
-1994 оноос. Армийн хүн болсон гэсэн үг шүү дээ. Тэр жил улсын гарьд И.Доржсамбуутай үлдэж үзүүрлэн цэргийн заан цол хүртсэн. Хэдэн сарын дараа аймгийнхаа наадамд барилдаж түрүүлээд арслан цол хүртсэн.
-Тэр үед бэлтгэл хийхэд хэр боломжтой байсан бэ?
-Сайн л хийдэг байж дээ. Гэхдээ тухайн үед хүнсний дэлгүүрүүд хоосроод хэцүү байсан л даа. Тэглээ ч тэр их ачааллыг дааж бэлтгэл хийнэ гэдэг чанга байсан. Шантарвал шантрах зүйл олон тохиолдож байсан. Өлссөн үед Спортын төв ордны дөрвөн давхарын крантны ус янзтай амттай шүү дээ. Үнэгүй болохоор нь байсхийгээд л залгилна. Гэхдээ аягаар биш адуу худагнаас ус ууж байгаа юм шиг шууд хошуугаараа сорно. Ямар сайндаа гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гэдсээ цүрийтэл уучихаад автобусанд суух гээд гүйцэлгүй хоцорчихсоноо одоо ч ярьдаг юм. Бидний үе тийм л өнгөрсөн. Хамгийн гол нь спортдоо үнэнч үлдсэн минь оносон.
-Та тэр үед хаана амьдардаг байсан юм бэ?
-Би дөрвөн эгчтэй. Гурав дахь эгчийндээ Дэнжийн мянгад амьдардаг байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан болохоор хотыг сайн мэдэхгүй. Өглөө бэлтгэл хийхээр гэрээсээ гарч, өдөр тарна. Оройны бэлтгэлийн өмнө харих гэсэн ч амжихгүй. Тиймээс Спортын төв ордон хавиар байж байгаад таньдаг хүн таарвал юм авахуулж иднэ. Таарахгүй бол зааланд унтаж байгаад оройныхоо бэлтгэлтэй залгана. Тэгээд л шөнө шахуу харьж гэдэс гарна. Ийм үе олон байсан.
-Н.Ганбаатар багш, “Тулгат” клубынхээ тухай эргэн нэг дурсахгүй юу?
-Нямдаваагийн Ганбаатар багшийг маань чөлөөт бөхийнхөн “Хар Ганбаа” гэдгээр нь андахгүй. Улсын аварга Д.Сумъяабазараас эхлээд олон сайн бөх төрүүлж, тэднийгээ сайхан амьдралтай нь золгуулсан ачтан. Бөхийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон сайхан аавын хүү “Тулгат” клубээс төрж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулсан.
-Д.Сумъяабазар аваргын өндөр амжилт үзүүлэх нь танд мэдрэгддэг байсан уу?
-Бид 1990 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д оролцсон цагаасаа эхлэн нөхөрлөж өвөр түрийндээ ортлоо сайн найзууд болсон. Д.Сумъяабазар их хөдөлмөрч. Тэр чанар нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх. Бэлтгэл тараад бүгд харьж байхад ганцаараа үлдчихээд суудаг байсан. Их шартай. Гэхдээ буруу шартай биш шүү. Дэвжээн дээр надтай ана мана барилддаг ч дэвжээнээс буухад инээгээд л сууж байдаг. Ер нь тамирчин хүн ийм л байх ёстой.
САЙХАН ЗОХИОЛТОЙ НОМЫГ УНШИХГҮЙ ӨНГӨРЧ ЧАДДАГГҮЙ
-Та автын инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээ хэзээ эзэмшсэн юм бэ?
-Барилдаж эхлэх үедээ. Бөх гэдэг мэргэжил биш учраас сонгосон юм.
-Таныг багадаа ном их уншдаг байсан гэдэг. Ном унших спортын арга ухаанд нөлөөлдөг үү?
-Нөлөөлөлгүй яах вэ. Спортоор өрсөлдөхөд бяраас гадна асар их ухаан зарцуулдаг. Дунд ангид байхад ээж маань номын санч хийдэг байсан юм. Гэрийнхээ даалгаврыг хийх болохоороо ээжийнхээ ажил руу гүйнэ. Үндсэн даалгавраа хийчихээд янз бүрийн сэдэвтэй ном уншина.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Түүхэн холбоотой хоёр боть “Сталин”-г уншсан. Тамирчин бидэнд нэг талаараа чөлөөт цаг гардаг. Үдээс өмнөх бэлтгэлээ хийчихээд оройны бэлтгэл хүртлээ ном уншчихаад хэсэг амрахаар эрч хүчээ сайхан нөхнө. Орой унтахаасаа өмнө ч хэдэн хуудас эргүүлчихээд унтана.
-Ном унших таны нэг хобби гэж хэлж болох уу?
-Болно. Сайхан зохиолтой ном харагдвал уншихгүй өнгөрч чадахгүй болсон байна билээ.
-Та барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг үү?
-Хөтөлнө. Одоо ч энд байна (Ажлынхаа ширээн дээрх хэдэн давхар дэвтрийг заав).
-Таны бодлоор Монголын үндэсний бөх дэлхийн тавцанд хэр үнэлэмжтэй яваа бол?
-Өнгөрсөн зун Гиннесийн номд бүртгүүллээ. Сайхан хэрэг болсон. Мөн Монгол туургатны холбоо гэж байгаа шүү дээ. Энэ хүрээнд тува, халимаг, өвөрмонголчуудын дунд жил бүр тэмцээн зохион байгуулдаг. Тиймээс ямар ч байсан бага ч гэсэн үнэлэгдэж байгаа.
-МҮБХ менежментийн хувьд муу байх шиг санагддаг. Таны бодол минийхтэй нийлж байна уу?
-Дөхөж байна. Зарим нэг асуудал дээр нь нэмж хиймээр санагддаг. Гэхдээ сайжруулах гээд муу болгодог тал байдаг шүү дээ. Тиймээс аль аль талыг нь харгалзаж үзэх хэрэгтэй.
-МҮБХ-ны аль шийдвэр нь танд таалагдахгүй байна вэ?
-Би даваа бүрийг цолтой болгохыг анхнаас нь эсэргүүцсэн. Аймгийн цолтнуудад хоёр, сумынхад нэг цол нэмэгдсэн. Спортын амжилтыг үнэлнэ гэдэг зөв. Гэхдээ арай л дэндсэн хэрэг болоод байна. Зөвхөн эрэмбэлвэл зүгээр. Бөх болгоныг цолтой болох гээд туйлшрах тал руугаа хандах гээд байна.
-МҮБХ-ны “Их эе” дөрвөн жилд нэг хуралддаг. Дархан аварга Х.Баянмөнх, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын хэнийх нь шийдвэр зөв санагддаг вэ?
-Хэн нь ч зөв шийдвэрт хүрэлгүй хэрүүлтэй өнгөрөөдөг шүү дээ. Хоёр жилийн өмнө хуралдахдаа шүүх цагдаагаар хүртэл явсан сураг байсан. Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг хоорондоо эв зүйгээ олоод явбал зүгээрсэн. Монгол бөх гэдэг хэн нэгний өмч биш ард түмнийх учир дураараа аашлах хэрэггүй л дээ.
-Хэдэн жилийн өмнө барилгын бизнест хүч үзсэн. Тэр юу болсон бэ?
-Сүйдтэй зүйл биш л дээ. Хэдэн найзтайгаа орон сууц барьсан юм. Хүн болж энэ сайхан спортыг өөрийнхөө хэмжээнд өвөлж авсандаа талархаж цөөн ч гэсэн айлыг орон гэртэй болгох гэсэн юм. Айлын гал голомтыг асаах үүдийг нээнэ гэдэг сайхан хэрэг шүү дээ.
ТЭР БАРИЛДААНЫ ТУХАЙ ЯРИХ ДУРГҮЙ
-Арваад жилийн өмнө “Зургаан залуу заан” ид байлаа. Тэр үед та тэднийг хэр их судалдаг байсан бэ?
-Судлалгүй яах вэ. Өрсөлдөгчөө судлах нь тамирчин хүний олз.
-Та нар одоо хоорондоо хэр холбоотой байдаг вэ?
-П.Цэрэнпунцаг гарьд АНУ-д амьдарч байгаа. Бусадтай нь бараг байнга шүү. Хааяа Спортын төв ордонд хамтарч бэлтгэл хийнэ.
-Та нар хамтарч ТББ байгуулах бодол бий юү?
-Болохгүй ч зүйл байхгүй л дээ.
-Та нар шиг залуус одоо төрөх болов уу?
-Төрөлгүй яах вэ. Аливаа зүйл үе үеэрээ төрдөг шүү дээ.
-Дархан аварга А.Сүхбат та хоёрын дуулиантай барилдаан байдаг. Тэр үед та түүнийг өшиглөхөөс аргагүй байдалд орсон байсан юм уу?
-Энэ талаар ярих дургүй. Бодох ч сонирхолгүй. Тэр жилийн наадмын дараа нэг сонинд ярилцлага өгсөн шүү дээ. Уначихаад байхад араас тэврээд зогсоод байхаар нь хөдөлж байгаа ганц зүйл болох хөлөө хөдөлгөсөн. Барилдаан эхлэхээс өмнө ч олон зүйл болсон.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Б.Нарантуяа гэж бүсгүй бий. ЭМЯ-нд мэргэжилтэн хийдэг. Бид нэг охин, гурван хүүтэй.
Г.Өсөхбаяр: Би багадаа өвөөгөөсөө гадна Ж.Мөнхбат аварга шиг бөх болох юмсан гэж боддог байлаа | ||
Үзсэн: 8861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.