Шууд Chart

“Хальтиргаагүй Улаанбаатар” аян маргааш эхэлнэ

2013-11-19 13:23:49

Нийслэлийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг зохион байгуулна. Аяны хүрээнд нэгдсэн төлөвлөгөө гарган сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зөвлөмжийн дагуу нөлөөллийн арга хэмжээ авах  ажлын 2  хэсэг гарлаа. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв иргэд хальтирч унан гэмтсэн тохиолдлуудыг бүртгэн тандалт хийж хэн, хэзээ,хаана бэртсэн болохыг мэдээлэх юм. Мэдээллийн дагуу нийслэлийн дүүрэг хороод тохижилт үйлчилгээний газрууд хальтиргааг бууруулах арга хэмжээ авч ажиллана. Мөн хүн амын дунд хальтиргааны улмаас үүсэх осол бэртлээс сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулахаас гадна  сургуулийн сурагч, оюутан сайн дурын идэвхтэн иргэдийг гудамж талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх ажилд татан оролцуулах юм. Албан байгууллага бүр орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхааран ажиллахыг сануулан, удаа дараа цэвэрлэгээ хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор төлөвлөж байна. Манайд  жилд хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Явган хүний зам талбайн хальтиргааг бууруулах уг ажилд Захирагчийн ажлын алба, Зам тээврийн яам, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд орсон. Харин  Гэр хорооллын гудамж талбайн хальтиргааг бууруулах ажлын хэсэгт дүүрэг, хорооны Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сайн дурын идэвхтэн иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ЭМШУИС-ийн оюутан, Монголын оюутны холбоо орж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Баярт

“Хальтиргаагүй Улаанбаатар” аян маргааш эхэлнэ   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй