Шууд Chart

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

2017-08-18 10:26:53

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУын Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд Ли Бины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сэдэвт өндөр түвшний чуулга уулзалтад оролцох юм. Түүнийг  дагалдан ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Уламжлалт ананаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн дарга З.Мэндсайхан болон ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Хятадын Халдварт өвчин судлалын хяналтын төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг тус төвийн дэд захирал Др. Лианг Шиавен, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ху Хон болон бусад албаны хүмүүс хүлээн авч, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон шинээр байгуулагдсан олон улсын нийгмийн эрүүл мэндийн төв,  шуурхай мэдээлэл тандалт судалгааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар талууд сонирхсон сэдвүүдээр харилцан ярилцаж, санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол улсад ойрын хугацаанд бие даасан Өвчний хяналтын төв байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, энэ тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг хүсч тус төвийн удирдлагуудыг Монгол улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн талууд халдварт өвчний талаар харилцан мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2017-08-18 12:17
хичнээн ч удаа очиж энэ газартай танилцав даа ичдэггүй юмнууд

Бидэнтэй нэгдээрэй