Шууд Chart

Э.Бэхбаяр: Хэтэрхий тайван барилдсан минь хамаг алдаа боллоо

2017-08-28 11:21:44

Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хэдхэн хоногийн өмнө болж, манай улсаас гавьяат тамирчин Э.Бэхбаяр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж хошой хүрэл медальтан болсон билээ. Тэрбээр 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон дээрх тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Ийнхүү энэ амжилтаараа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16, эрэгтэйчүүдээс 10 дахь бөхөөр тодорч байна. Түүнийг өнөө өглөө эх орондоо ирээд байхад нь уулзаж, тодруулга авсан юм.

-ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсонд баяр хүргэе. Гэхдээ медалийнхаа өнгийг хувиргаасай гэсэн үзэгч олон байлаа шүү дээ ...

-Ямартай ч дэлхийн дэвжээнээс дахин медаль хүртсэндээ баяртай байна. Уг нь би аварга болох зорилготой явсан. Гэвч хувийн тактикийн алдаа гаргаж, буруудчихлаа.

-Японы бөхийг ялчихсан бол гэж бодогдож байлаа ...?

-Би хэтэрхий тайван барилдсан л даа. Үүнд л хамаг алдаа байгаа юм. Өмнө нь би түүнийг ялж байсан болохоор бага зэрэг дутуу үнэлчихсэн. Гэхдээ намайг хошой медальтан болоход маш олон хүний дэм нөлөөлсөн. Ялангуяа багш, гэр бүл, “Алтай констракшн” ХХК, “Хангарьд” спорт хорооны хамт олон. Тэдэндээ талархлаа илэрхийлье.

-Цагийн зөрүү хэр мэдрэгдэв?

-Бид нар 14 хоногийн өмнө очсон байсан болохоор гайгүй дасчихсан байсан. Хамтарсан бэлтгэл ч давгүй хийсэн байсан.

 Б.Батбаяр: Бид жигд өрсөлдөөнийг хангах ёстой. Цөөхөн бөхийн амжилтаар явах учиргүй

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяраас тус тэмцээний талаар сонирхлоо.  

-Энэ удаагийн тэмцээний талаар болон зарим өөрчлөгдсөн дүрмийг уншигчиддаа сонирхуулахгүй юу?

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс олон улсын болон тив дэлхийн тэмцээний үеэр гурван удаа жин үзэх шинэ форматад жилжүүлэхээр болсон. Мөн шинэ жингээр өрсөлдөнө. Олимпийн жингээр өөрчлөлт гарч, эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд хүч үзэх юм.

Зургийн тайлбар ( FS чөлөөт бөх, WW эмэгтэй, GR сонгомол барилдаан, шар өнгөтэй нь олимпийн жин)

Үүнтэй холбогдуулан энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн тамирчдын жинг гурван удаа үзсэн. Сонгомол бөхийн барилдааны хувьд ч нэлээн их дүрмийн өөрчлөлт гарсан. Харин чөлөөт бөхийн дүрэмд өөрчлөлт ороогүй. Түүнчлэн манай улс ирэх жил 23 хүртэлх насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа.

-Бусад жинд өрсөлдсөн манай бөхчүүд медаль хүртэх боломж хэр байсан бэ?

-П.Орхоноос гадна Э.Бэхбаяр маань дэлхийн аварга болоход ойрхон бөх гэдгээ дэлхий дахинаа харууллаа. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа медаль хүртэх боломж байсан ч шүүлтийн хувьд нэлээн будилаан гарсан. Бид ч энэ тухай албан ёсны бичиг зохион байгуулагчдад хүргүүлсэн боловч “Шийдвэр нэгэнт нөгөө талд гарсан учир өөрчлөх боломжгүй” гэсэн аман хариу өгсөн. Гэхдээ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан ёсны хариу ирээгүй. ОУХМ Н.Золбоо ч хүрэл медалийн төлөө барилдаж, Монгол Улсын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд ямар сайн бөх байгаагаа харууллаа. Гэхдээ бид жигд өрсөлдөөн гэдгийг хангах ёстой. Цөөхөн бөхийн амжилтаар явах учиргүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Бэхбаяр: Хэтэрхий тайван барилдсан минь хамаг алдаа боллоо  
Үзсэн: 3540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.24.xxx] 2017-08-28 12:04
Баяр хүргэе. Амжилтаа бататган алдаан дээрээ суралцахыг хүсье. Шинэ жингүүд нэмж байгаа нь манайд бас шинэ боломжуудыг авчрах байх гэж найдаж байна. Амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй