Өвлийн эхэн сарын гурав дахь долоо хоног өндөрлөж байна. Өнгөрч буй энэ өдрүүдэд манай улсад өвлийн уур амьсгал орж, ихэнх нутгаар хоёр ч удаа цас орлоо. Хальтиргаа гулгааны үе эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд хамтран 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг эхлүүллээ. Мөн цаг үетэй холбогдуулан автомашиныг дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг цуцлах эсэх асуудал өрнөж байна. Энэ талаарх эцсийн шийд хараахан гараагүй, хэлэлцэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад төрийн айлчлал хийж байна. Энэ 7 хоногт тэрбээр Мьянмар, Вьетнам улсуудад айлчиллаа. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн уламжлалт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаараа цаг үеийн зарим асуудлуудад ач холбогдол өглөө. Тухайлбал, “Гудамж” төслийн хүрээнд 16 уулзвар ашиглалтад орсон, ойрын үед хоёр уулзвар нэмэгдэнэ. “Өргөө” кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33,3 сая машин нэвтэрнэ.
Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10,2 секунд, жилд 2 цаг 20 гаруй минут хэмнэнэ. Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацааг хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1,6 тэрбум төгрөг хэмнэх тухай тооцоолсон мэдээг Н.Алтанхуяг өгсөн юм. Түүнчлэн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Монгол Улс хоёр хөрштэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Хамрын хийд, Энергийн төвийн 42 км зам ашиглалтад орсон нь аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой ажил боллоо. Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил ирэх сарын эхээр дуусна.
Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ. Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд нээлттэй болох учиртай. Ийм чиглэл барьж Одон орон судлах оргилд ажиллалаа хэмээн 7 хоногийнхоо ажлын онцлог үйл явдлыг нэрлэсэн юм. Мөн сүүлийн 2 долоо хоног иргэдийн анхаарлыг татаж буй цагаан толгойн 4 үсгийг хассан мэдээлэлд “Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон. Сурагч, оюутнуудаас монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн.
Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байна. Ийм толь бичиг гарна. Харин цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Яг ийм хариултыг УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТ-ийн “Нээлттэй цаг” нэвтрүүлэгт орохдоо мөн өгсөн юм. Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжиж тогтоол гаргахаар боллоо Энэ төв байгуулагдснаар нь эрүүл, аюулгүй, тухтай орчинд иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн аж ахуйн бүх үйлчилгээ, инженерийн хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, зохицуулах, хянах, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулах юм.
Солонгосын Чён-Ян хотод болсон таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ. Унгарын Будапешт хотноо болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ангилалд олон улсын хэмжээний мастер Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртэж бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Энэ сарын 29-нээс Английн Лондон хотноо эхлэх ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 29 дэх удаагийн манай улсын зургаан тамирчин оролцох боллоо.
Энэ 7 хоногт гүн ухааны өдөр, дутуу төрөлтийн эсрэг өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд тохиолоо. Мөн шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна.
MNB.MN энэ 7 хоногт онцлож байна | ||
Үзсэн: 1700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.