Шууд Chart

Дугаарын хязгаарлалтын талаар санал авна

2013-11-25 10:05:29

Энэ сарын 23-нд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулж, хэлэлцлээ.
Сайтуудаар авсан санал асуулгад давхардсан тоогоор 31280 хүн оролцож саналаа өгснөөс 72,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн бол мессеж санал асуулгыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 20-60 насны санамсаргүй сонгогдсон 103,997 хэрэглэгчийн дунд явуулахад 15,496 хэрэглэгч хариу илгээснээс 50,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй гэж санал өгсөн байна.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Бид аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчмаар ажиллаж байгаа. Тиймээс иргэдээс дугаарын хязгаарлалтыг цуцлах санал нилээдгүй ирсэн учраас бид санал асуулга явуулж шийдэхээр болсон юм. Гэхдээ иргэд маань дугаарын хязгаарлалтыг зогсоовол замын хөдөлгөөн урьдын адил тэг зогсолттой болно гэдгийг бодох хэрэгтэй. Одоо шинэ жилийн баяр болох гэж байна. Дараа нь Сар шинийн баяр болно. Ингэхээр дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцвол багагүй асуудал үүснэ гэдгийг тооцоолоорой. Ямартай ч дахин санал асуулга явуулж, үр дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барья” гэж  хэллээ.

Ингээд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд 11 сарын 27-ны Лхагва гарагт 07-22 цагийн хооронд санал асуулга явуулах техникийн боломжтой Мобикомын 200,000 хэрэглэгчээс мессежээр, бусад үүрэн телефоны хэрэглэгчдээс нийслэлийн лавлагаа мэдээлийн 1200 тусгай утсаар санал авч, нэгтгэсэн дүнг эцсийн шийдвэр гаргахаар нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар боллоо.

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2013 оны 8 дугаар сард гаргасан дүн мэдээгээр Улаанбаатар хотод 321.159 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрээс дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дугаарын хязгаарлалтын талаар санал авна   
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй