Шууд Chart

Ч.Батчулуун: Аз хийморийг худалдаж авна гэж байдаггүй юм

2017-09-15 11:28:16

“Багануур” ХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Батчулуунтай ярилцлаа.

-“Марко Поло” уран сайхны кинонд та тоглосон шүү дээ. Мундаг ширүүн төрхтэй баатрын дүр бүтээсэн байна билээ?

-Уг киноны Монгол дахь төлөөлөгчийн газраас Монгол баатрын дүрд тохирох хүн хэрэгтэй байна гээд том биетэй залуучуудаас шалгаруулалт авсан юм. Ихэвчлэн бөхчүүд орсон л доо. Жүжигчин Н.Оргил ах надтай холбогдож “Тоглосон клип энэ тэр байвал явуулаач” гэв. Тэгээд л нэг өдөр Н.Оргил ах “Баяр хүргэе. Чи кинонд сонгогдчихлоо” гэж утсаар ярьсан. Зураг авалт нь Малайзад болсон. Кинонд хэдхэн минут л гараад өнгөрдөг туслах дүр байсан юм. 13 хоног бэлдээд сүүлийн өдөр нь зургандаа орсон. XIII зууны үеийн Монгол бөхийн дүр. Би нэг нөхөртэй барилдаад л, нөгөөх нь надтай тулалдаад байгаа тухай л гардаг юм.

-Танд кино, клипийн санал их ирдэг үү?

-Ирнэ ирнэ.(инээв). Би ямар мэргэжлийн жүжигчин биш. Тийм болохоор саналд нь татгалздаг юм. Миний хань харин намайг ятгасаар байж дуучин Нарангэрэлийн “Монгол бөхийн гэргийн дуу”-ны клипэнд тоглуулсан л даа. Тэр клипэнд тоглосноос хойш намайг Монголын хамгийн хурдан хөгширдөг хүн гэж цаагуур чинь яриад байна шүү дээ (инээв). Гэрийн хаяанд сууж байгаад л хүү нь гүйгээд ирэх хооронд хөгширчихсөн байдаг гээд.

-Манай тамирчид, бөхчүүд дунд өндөр биетэй хүн олон Тэдэнтэй уулзхад өөрт тохиолддог хөгтэй явдал, бэрхшээлтэй талаа ярьцгаадаг. Машин тэргэнд суухаас эхлүүлээд таарах хувцас олдохгүй хэцүү л байдаг байх ...

-Би чинь тийм айхавтар өндөр талдаа орохгүй л дээ. Хоёр метр гаран өндөртэй хүмүүс чинь л нэлээд хүндрэлтэй байдаг юм шиг байна билээ. Надад тэгж нэг их бэрхшээл тулгарахгүй. Япон машин унаад л яваад байдаг юм.

-Таны жин одоо хэд байна вэ?

-160 кг гарантай л байгаа.

-Та багадаа бөхийн өөр төрлөөр хичээллэж байв уу?

-Чөлөөтөөр хичээллэдэг байсан. Хотод орж ирээд Х.Намшир багшид шавь орж байлаа. Би чинь их орой бөх рүү орсон хүн шүү дээ. 21 настайдаа хотод орж ирээд чөлөөт бөхөөр хоёр, гурван жил хичээллээд УАШТ-д ороод медалиас мултарч байлаа. Тухайн үед 97 кг-ын жинд барилддаг байсан. Чөлөөт бөхийн суурьтай л даа. Харин үндэсний бөхөөр бол 15, 16 настайдаа УАШТ-д барилдаж байсан.

-Аав, ээжийнхээ уг гарлыг сонирхуулбал …

-Аав минь Говь-Алтай аймгийн Тайширынх, ээж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынх. Харин Би Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.

-Аав, ээжийн тань хэнийх нь талд барилддаг, том бие хаатай хүн байсан бэ?

Ээж минь биерхүү хүн байсан. Ээжийн талд барилддаг ноцолддог хүн байсан ч том цолтой хүн дуулдаагүй. Аавын талд сумын цолтой хүмүүс байсан гэж ярьдаг.

-2014 оны наадмаар та улсын начин цол хүртсэн. Тэр жилийн барилдааны тухай ярьвал ...

-2014 онд би аймаг, цэргийн хурц арслан цолтой байсан. Тэр жилдээ аймаг, цэргийн барилдаандаа хэд хэдэн удаа, цагаан сарын барилдаанд нь ч түрүүлчихээд байсан юм. Улсын цол хүртэх хэмжээний бэлтгэлийг байнга хийдэг байсан. Уулзсан хүн болгон л “Чи л цол авахгүй бол өөр хэн авах вэ дээ” гэж хэлдэг байлаа. Бүтэн жилийн турш бэлтгэл сайн байсан болохоор тав давж начин болсон л доо. Тавын даваанд их хүнд барилдаан хийсэн болохоор зургаагийн даваанд муудсан шүү. Дөрвийн даваанд улсын харцага А.Цацабширтай барилдаад, тавд улсын заан Б.Сайнбаяр ахтай зургаа сонголцож байж давсан. Сүүлдээ хоёр гар маань бараг атгахгүй болчихсон. Тав давчихаад орж ирээд ус ууж байхад миний гарыг чичирч байсан гэж хажууд сууж байсан хүн хэлсэн. Тэр үед би өөрөө мэдээгүй юм. Тавын даваанд улсын цолтой, аймгийн цолтой хоёр хүн барилдах чинь их ялгаатай. Улсын цолтнуудад алдах юм байхгүй, бүх зүйл нь чөлөөтэй. Аймгийн цолтонд унавал тэгээд л бүтэн жилийн хөдөлмөр нь талаар өнгөрнө. Хий гаргахгүй барилдана гэдэг хэцүү л дээ.

-Тавын даваад улсын цолтон болж байгаа яг тэр агшинд юу бодогддог юм бэ. Зарим нь гүйж харайх юм, зарим нь хуруу гараа гозолзуулж дэвхцээд янз янз л байдаг ...

-Аавыгаа л их бодсон. Бурхны орноосоо харж л байгаа даа гэж. Хүмүүс тэгж гар хуруугаа гозолзуулж хөнгөн шингэн гүйгээд алга болчихож байгаа харагддаг л юм. Үнэндээ надад тэгж сэтгэлийн эмоци гаргах, гүйж харайх тэнхэл байгаагүй. Үнэн хүч үзэж давж байгаа болохоор хурд авах нь байтугай хуруугаа гозойлгох хүч үлдэггүй юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Сэтгэл хөдлөл багатай болоод тэгсэн юм уу гэхээр би чинь сэтгэлийн хөдлөл ихтэй хүн л дээ. Уг нь бөхөд сэтгэл хөдлөлөө дэвээ шаваагаараа гаргадаг. Гэтэл одоо бөхчүүд хөлбөмбөг, бусад спортыг дуурайгаад баярлаж байгаагаа гүйж харайж илэрхийлдэг болчихож.

-Энэ жилийн улсын баяр наадамд та дахин тав давж, цолоо баталлаа ...

-Өвөл үндэсний бөхийн бэлтгэл дутуу байсан. Наадмын өмнө Өвөр Монголд барилдаанаар явж байгаад хоёр хавиргаа хугалчихсан. Өнөөх нь эдгэхгүй, бороолчихоод хөндүүрлээд л яваад байсан. Уг нь өнөө жил ямар ч байсан шөвгөрнө гэсэн зорилготой байсан. Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбад амлуулж начин цолоо баталсан. Бэртлээсээ их айж байлаа. Сэдэрчихэж магад гэж их л болгоомжилсон нь гайгүй өнгөрсөн. Миний хувьд улсын заанаар улсын начин, улсын гарьдаар өсөх идэр начин цол хүртсэн гэдгээрээ онцлог юм уу даа.

-Та үндэсний бөхөөс гадна хүчний спортоор хичээллэдэг байх аа?

-Тийм. Пауэрлифтингийн “Хар хорум” клубын Алтангэрэл багшийн удирдлага дор хичээллэдэг. Хүчний бэлтгэлд тусад нь цаг заваа гаргаж байж хүч нэмдэг. Үндэсний бөх өөрөө их хүнд бэлтгэлтэй байдаг болохоор пауэрлифтингийнхээ бэлтгэлд давхар анхаарах хэрэгтэй байдаг юм.

-Аливаа хүнд эзэмшсэн мэргэжил, албаараа бахархах мөч бишгүй дээ таардаг. Танд бөх болсондоо баярлаж, бахархаж байсан мөч гэвэл?

-Сайхан л даа. Бөх чинь сайхан энергитэй. Үндэсний спортод өөрийгөө зориулж хар багаасаа л барилдлаа. Ээж, аавынхаа гараас гараад л бөхийн ногоон дэвжээн дээрээ барилдаж байна. Олон түмэн ах дүүс, олон сайхан багш нар, олон сайхан хүмүүстэй уулзаж учраад явж байна. Үндэсний бөхтэй холбогдоод бөх гэж хэлүүлээд явж байгаа хугацаандаа энэ спортыг сонгосондоо хэзээ ч харамсч байгаагүй. Ер нь бол нэлээд азтай, хийморьтой хүний ажил л даа.

-Хүндэлдэг шүтдэг байсан бөхчүүдийнхээ эгнээнд багтаад нэг дэвжээнд гарч ирээд л. Бүр заримтай нь барилдана гэдэг бол том хувь завшаан байх шүү?

-Бүгдийг нь би хүндэлж биширнэ. Гэхдээ хүүхэд байхаасаа л дархан аварга Б.Бат-Эрдэний фэн. Аваргатай барилдаж байсан. Бөхийн өргөөний барилдаанд таарч билээ. Барилдаад давах гэж л үзнэ шүү дээ. Гэхдээ би аваргатай барилдах хэмжээнийх байгаагүй. Хүүхэд байсан. Шуудганд нь нэг хүрчих юмсан гэж бодсон ч юу гэж л намайг хүргэх вэ. Хүргэхгүй л хаяна шүү дээ. Сайхаан, сайхаан.

-Бөхийн найраа гэдэг зүйл үндэсний бөхийн нэр төрийг унагаж гүйцлээ. Та үүнд улсын цолтой бөх хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлбэл ...

-Бөхийн найрааг би мэдэхгүй. Мэдэхгүй юмны талаар ярих дэмий. Гэхдээ мэдэхгүй гээд хариулт өгөхгүй бол хүмүүс бүр хардах байлгүй. Кинонд гардаг шиг өгч, авч сурсан самбай хадаг гэдэг шиг нутгийнхаа начин болох хэмжээний барилдаж байгаа хүүхдийг амлаад авахад тэрийг нь найраа гэх юм уу. Эсвэл тэр олон зуун сая төгрөгт холбогдоод байгаа хүмүүсийг найраа гэх юм уу. Бас л харьцангуй ойлголт л доо. Гэхдээ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, бизнес хийдэг хүн улсын цол авчих хэмжээнд сайн барилдаж байгаа нутгийнхаа хүүг дэмжвэл тэрийг нь бас найраа гээд яриад байх уу. Ер нь бол хэцүү юм л даа. Гэхдээ ор тас байхгүй юмыг хүмүүс сөхөж ярихгүй шүү дээ. Байгаа болохоор л ярьж байгаа байх. Яг шударгаар барилдаж, өөрийнхөө хүчээр улсын наадамдаа шөвгөрдөг хүмүүст энэ найраа гэдэг яриа чинь хортойгоор тусаад байгаа юм. Маш хэцүү. Найраа гэдэг зүйлээс болж цол авах хэмжээний олон сайхан залуу цолгүй үлдэж байгаа. Миний хувьд олон жилийн хөдөлмөр, аз хиймориороо л улсын цолонд хүрсэн болохоор их бахархдаг юм. Аз хийморийг худалдаж авна гэж байхгүй л дээ. Ард түмэн чинь бөхөө биднээс илүү мэддэг.

Ер нь үндэсний бөхөөр хичээллэж, цол авна гэдэг чинь маш их бэрхшээл, саадыг даван туулна гэсэн үг. Анх Ш.Сайхансамбуу гуайн санаачилсан “Нарантуул” бөхийн дэвжээнээс л би бөхийн гараагаа эхлүүлж байлаа. Өсөх идэр начин болтол надад тусалж дэмжсэн хүн гэвэл маш олон байна. Бүгдийг нь хэлбэл уртаас урт жагсаалт болох байх. Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг минь гаргаж өгдөг Э.Номинчулуун захиралтай “Багануур” хувьцаат компани, “Дүнжингарав” дэвжээний тэргүүн М.Энхболд ахдаа, АБ-ийн хобооны шинэ тэргүүн А.Ууганбаяртаа болон төв аймгийн бөхчүүддээ талархаж явдаг. Түүнчлэн Бадам-Очир багш, Сэрээтэр багш, улсын начин Ц.Гэрэлт-Од захирал, Төв аймгийн удирдлагууд болох Батжаргал, Энхбат дарга нартаа баярлалаа. Мөн МАК-ийн Н.Номтойбаяр, “NEW HAPPY” ХХК-ийн захирал Л.Тулгаболд, “Акс Херо” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар, “Илд гоулд” ХХК-ийн захирал Цогоо ах, Өмнөдэлгэрийн Отгонбаатар ахдаа болон бөхөө дэмждэг нутгийн түмэн олон, бөх сонирхогчдодоо чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдгаа энэ дашрамд хэлье.

-Ярилцсанд баярлалаа. 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Батчулуун: Аз хийморийг худалдаж авна гэж байдаггүй юм   
Үзсэн: 3705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.93.xxx] 2017-09-26 16:15
Хавдар нүүрэлсэн нэг муухай юм буг болтлоо шигдэх юм зайлаасай билээ
muruu [27.123.214.xxx] 2017-09-18 17:14
mundag hun bna
Зочин [202.179.25.xxx] 2017-09-16 11:48
МОНГОЛ БӨХ САЙХАН ДААНЧ НАЙРАА ДЭНДЭЭД ДЭЭР НЬ АМАРЧ БАЙГААД БАРЬЦ СОНГООД УНАГААЧИХДАГ МУУХАЙ ДҮРМИЙГ,ЛҮНДЭЭЖАНЦАН ХҮҮРИЙН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ДОРДОХЫН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ШИГ МУУХАЙ ЮМЫГ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.ДҮРМЭЭ ӨӨРЧИЛЖ ШУДАРГА БАРИЛДАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ ОНООЛТООР БАРИЛДДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
Oo ! [43.242.243.xxx] 2017-09-16 10:22
Hoo ! Amjilt !
Ulzii [58.167.83.xxx] 2017-09-16 08:24
XOO Batchuluun duudee sportiin undur amjilt husen erooie. Turiin naadamdaa sain barildaj tsoloo ahiulahiig husen erooie...Amjilt

Бидэнтэй нэгдээрэй