Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд УБЦТС ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад эрчим хүчний салбарын үйл ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн дүн, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, ажилтнуудын сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.
Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, газрын дарга З.Цэдэнжав, Ц.Атаржаргал тэргүүтэй удирдах ажилтнууд болон холбогдох албаныхан оролцсон.
УБЦТС ТӨХК-ийн хувьд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт иргэд, аж ахуйн нэгжид буюу 350 гаруй мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээн борлуулдаг. Өнөөдрийн байдлаар 1900 гаруй ажилтантай. Уулзалтын үеэр ЭХЗХ-ны удирдлагуудад хандаж эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг сайжруулах, тоноглолуудын засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэх, өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн хүсэл шаардлагыг хангахад ажиллах хүчин дутагдаж байгаа зэрэг асуудлыг дэвшүүлэн ярилцаж байсан юм.
Харин Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэхдээ “Салбарын эдийн засгийн байдал 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс сайжирч байна. Эрчим хүчний хэрэгцээ шаардлага ч нэмэгдсээр байна. Энэ нь орлого нэмэгдүүлэх сайн талтай ч үйл ажиллагааны зардлыг өсгөдөг юм байна. УБЦТС ТӨХК нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааны томоохон оролцогч болохынхоо хувьд үйл ажиллагаагаа автоматжуулах ажлаа эрчимжүүлж, ажилчдынхаа цалин урамшуулалд оновчтой менежментийг хэрэгжүүлэх замаар үйлчилгээг улам сайжруулж, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх чиглэлийг баримталж ажиллаарай” хэмээн зөвлөлөө.
Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд уулзалт хийлээ | ||
Үзсэн: 1990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.