
Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёрдахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үндсэн мэргэшлийн сургалт удирдах эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүд төслийн загвар аймаг болох Орхон аймагт зохион байгуулж байна.
Япон Улсад резидент эмчийн сургалтыг удирддаг багш нарт зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байгаа уг сургалтанд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс шалгуур хангасан нийт 22 эмч суралцаж байна. Сургалтыг япон багш Накажима Хироаки, Такамура Акитерү нараас гадна төслийн хүрээнд өмнө нь бэлтгэгдсэн эмнэл зүйн чиглүүлэгч монгол багш АШУҮИС-ийн багш Б.Солонго, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Б.Батбаяр, М.Уртнасан, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Шижирбаатар, Б.Сарантуяа нар хамтран амжилттай зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнүүд оролцож, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцооны шинэчлэлийн талаарх мэдээллийг сургалтанд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Эрүүл мэндийн яам, төслийн нэгжийн төлөөлөл, сургалт удирдаж буй багш нар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн удирдах ажилтнуудтай сургалтын хугацаанд уулзалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Орхон аймгийн орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх төслийн үйл ажиллагаа болон орон нутагт эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Үндсэн мэргэшлийн сургалт удирдах эмнэл зүйн багш бэлтгэнэ | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.