Шууд Chart

Хамгийн чинээлэг хүн амын хэрэглээ хамгийн ядуу иргэдийн хэрэглээнээс 5.4 дахин их байна

2017-11-15 13:45:39

Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага аль аль нь өссөн дүнтэй гарсныг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн хамгийн чинээлэг хүн амын хэрэглээ хамгийн ядуу иргэдийн хэрэглээнээс  5.4 дахин их байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 76 мянгаар буюу 8.9 хувиар өслөө. Нэг өрхийн сарын мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого, тэтгэвэр тэтгэмжийн орлого голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны гуравдугаар улиралд 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93 мянган төгрөг буюу 10 хувиар өссөн байна. Зарлага өссөн дүнтэй гарахад хүнсний бус бараа, үйлчилгээний бусад зарлага өссөн нь нөлөөлжээ. Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газрын ахлах статистикч н.Ариунболдын ярианд анхаарлаа хандуулъя.

Статистикийн дараагийн нэг голлох мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн орлого 16.9 хувиар өссөн байна. Энэ оны эхний 10 сард 1.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 17 орчим хувиар, зарлага 1.5 их наяд төгрөг болж  өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өссөн байна. Энэ оны эхний долоодугаар сард 18 хүртэлх насны 1 сая 55 мянган хүүхдэд 145.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжинд олгосон. Мөн улсын хэмжээнд нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан дүнтэй гарсан. Ингээд ахлах статистикч н.Ариунболдын яриаг үргэлжлүүлэн сонсъё.

Нийслэл хотод 2017 оны 10 дугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ өвчний нийт тохиолдол 248-д хүрээд байна.


Хамгийн чинээлэг хүн амын хэрэглээ хамгийн ядуу иргэдийн хэрэглээнээс 5.4 дахин их байна  
Үзсэн: 2198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй