“Гоёл” наадам 25 дахь жилдээ зохион байгуулагдаж монголын отгон топ моделийг тодруулав. Оны шилдэг загвар өмсөгч С.Ариунбилэгийг энэ удаагийн редакцийн зочноор урилаа.
-Ний нуугүй хэлэхэд та “битүү морь” байлаа. Гэхдээ хүмүүс С.Ариунбилэг шинэ залуу загвар өмсөгч гэж бодож байж болох?
-Битүү морь гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ топ модель болоход аль хэдийн бэлэн болчихсон байсан. Бүр 2 – 3 жилийн өмнө шүү. Тэгээд хэзээ нэгэн цагт миний ээлж ирнэ гэж итгэн хүлээж байсан. 13 жилийн турш монголын загварын ертөнцийн хамгийн дээд шагнал болох топ моделийг шалгаруулах тэмцээнд оролцож бага багаар бэлтгэгдсэн. Няцаж, шантарч байсангүй, тууштай өөрийн карьераа алдаагүй явсан.
- Миссийн тэмцээнүүдэд оролцож байсан гэсэн. Хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн тэмцээнээ нэрлэвэл?
-2005 онд “Мисс Монголиа”-гийн Q мисс болж байлаа. Оролцогч нараас Q шалгалт авахад хамгийн өндөр оноог нь би авсан. Мөн ямар ч тэмцээнд орсон бүх зүйлээ өөрөө хийдэг байсан нь сэтгэлд тод үлджээ.
-Тэр үед таны Q хэдэн оноо авч байв?
-Оноог нь хэлээгүй ээ. Ер нь би ой тогтоолт маш сайтай. Өмнө нь явсан газар, таарсан хүнээ хэзээ ч мартдаггүй. Хамгийн сонин нь гар утас, үзэг бал, ээмгээ хаана тавьснаа мартчихдаг. Магадгүй энэ миний хэнэггүй зантай холбоотой байх.
- Топ модель болсон баяраа хамгийн түрүүн хэнтэй хуваалцахыг хүсэв?
-Олон жил загвар өмссөн завгүй амьдралын минь ард миний ээж зогсож байсан. Би бол ээжийнхээ бүтээл. Эхлээд бие хаа, царай зүсийг надад өгсөн. Дараа нь намайг хүмүүжүүлж, соёл, боловсролтой болгосон. Тэгээд би гэр бүл болж миний хань намайг ойлгож дэмжсээр ирсэн. Тэдэнтэйгээ баяраа хуваалцаж чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр санагдсан.
- Их амжилтын ард гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулвал?
-Миний хүүхэд нас I дөчин мянгатад өнгөрсөн. Өвөө минь Ц.Жамъянжав гэж доктор профессор хүн байсан. Жинхэнэ эр хүнийг би өвөөгөөрөө төсөөлдөг. ХААИС –ийг үүсгэн байгуулж, хамгийн анхны захирлаар нь ажиллаж байсан. Харин аав ээж хоёр маань анагаах ухааны салбарын хүмүүс. Миний аавыг “Өндөр” Ж.Сүхбаатар гэдгээр нь андахгүй мэднэ. Ээж маань АУИС- д гадаад хэлний багшаар ажилладаг Ф.Ундармаа гэж хүн бий. Нөхөр маань миний анхны хайр. Бид хоёр нас чацуу, О.Золбаяр гэж залуу бий. Өөрийн байгуулсан компанидаа программистаар ажилладаг. Дөрвөн настай охинтой.
- Нөхрөө хэрхэн сонгосон бэ?
-Би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэхнээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч ингэж хайрлаж дурлаж чадахгүй.
- Жил жилийн топ моделийг дуулиан шуугиан дагуулдаг. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?
-Бусдын асуудлыг би хэлж мэдэхгүй. Харин миний хувьд эзэмшсэн мэргэжил, гэр бүл, хүүхэд гээд л бүх зүйл төлөвшсөн. Гадуур, дотуур явж хэл аманд орооцолдоод байдаггүй болохоор гайгүй байхаа.
-“Мянганбаярын ээлжит амраг” хэмээн топ болсны маргааш нь нэрлэсэн байсан?
-Тэр мэдээг нөхөртэйгээ хамт уншаад инээлдэж байлаа. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр тэгж болохгүй л дээ. Би тэр хүнийг хүндэлдэг. Монголын дизайнеруудын холбоог 25 жилийн турш авч явж байна. Ер миний талаар бичих юм олдохгүй болохоор тэр хүнтэй холбосон юм болов уу гэж бодсон.
- Та цомыг үнсэж байсан. Их хүлээсэн үү?
-Яг үнэнийг хэлэхэд хүлээлт байсан. Яагаад гэхээр бэлэн болсон байсан. Аль нэг талаар тэнцэхгүй гэх айдас надад байгаагүй. Гэхдээ яг энэ жилийн хувьд эргэлзэж байсан. Загварын халуун тогоонд буцалж үзээгүй хүмүүст буруу ойлголт байна. Энэ бол олны нүдэнд ил байж, хэвлэл баатар болсон хүний авдаг шагнал биш. Хийсэн бүтээсэн, ур чадварыг нь Монголын дизайнеруудын холбоо мэднэ. Ямар арга хэмжээнд оролцсон, туршлага чадвар, мэдрэмж, өөрийн карьераа тогтвортой хадгалсан, цаашид энэ нэр хүндийг авч авах чадалтай зэрэг олон шалгуурыг давж байж энд хүрдэг юм шүү.
- Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Мэдээж хүн бүр л “би топ модель” гэж дотроо битүүхэн боддоог. Гэхдээ хэн ч надад юу ч хэлээгүй, би зүгээр л урьд шөнө нь зүүдэлсэн. Миний зүүдэнд О.Пүрэвдулам гэдэг нэр орж ирсэн. Өглөө нь түүнд хэлсэн чинь гайхаад байсан. Тайзан дээр яг л тийм явдал болсон. Ингэж хэлэх бусдад ямар санагдахыг мэдэхгүй байна, гэхдээ л би монголын 14 дэх топ модельд бэлэн байсан.
- Топ модель болсны маргааш нь ямар байсан бэ?
-Яг үнэндээ гэрээсээ гарахад л өөр мэдрэмж төрсөн. Бүр сураг тасарсан найзууд хүртэл холбогдож мэнд хүргэд л. Хүмүүсийн харилцаа өөрчлөгдсөн. Хамгийн чухал нь их өндөр үүрэг хариуцлага ирдэг юм байна. Би бусад топууд шиг ингэнэ тэгнэ гэж амлахгүй. Гэхдээ чадах чинээгээрээ хичээх болно. Загварын тайзнаа хамгийн дээд шагналыг хүртчихлээ. Шургуу зан, хөдөлмөрийнхээ үр дүнгээр. Одоо миний цаашдын давах даваа бол олон түмэндээ тустай мэргэжилдээ нэр хүндтэй чадварлаг эмч болохыг хичээж, өөрийн гэсэн эмнэлэгтэй болох. Магадгүй дараа намайг эмч Ариунбилэг гэдэг талаас нь харах байх.
- Яг одоо ямар ажил эрхэлж байна?
-Анагаахыг төгсөөд үргэлжүүлэн нарийн мэргэжлээр суралцсан. Төгсөөд удаагүй байтал “Гоёл” наадам боллоо. Одоо нэг хэсэгтээ сайхан амармаар байна. Тэгээд эмчийн ажилдаа орно доо.
- Нүүр амны мэс засалч эмчийн хувьд гоо сайхны хагалгааг юу гэж боддог вэ?
-Үгүйсгэдэггүй. Харин зохисон зохиогүй янз бүрээр гоо сайхны мэс засал хийлгэж өөрийн төрхөө алдаж байгаатай санал нийлдэггүй.
-Та өөрөө гоо сайхны хагалгаанд орж байсан уу?
-Энэ миний хувийн нууц, гэхдээ би өөрийн унаган төрхөө алдаагүй.
-Загварын охидыг хэт өнгө хөөсөн, хоосон толгойтнууд гэж шүүмжилдэг?
-Зөвхөн загвар өмсөгч гэлтгүй орчин үеийн залуус гадаад байдал, стиль имижийг илүүд үзэх болсон. Харин загварынхан толгой муутай гэдэгтэй санал нийлдэггүй. Хэрвээ намайг толгой муу гэвэл хэнээс ч дутахааргүй дээд мэргэжил эзэмшсэн. Хэн нэгний үйлдлээр салбарыг бүхэлд нь ойлгож болохгүй шүү дээ.
- Хувь хүний мөн чанар талаасаа өөрийгөө нээгээч?
-Би жирийн л нэгэн. Надад баярхаад, бахархаад байх юм байхгүй. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авахыг хичээдэг. Надад тийм ч олон найз байдаггүй. Яагаад гэвэл найздаа хамаг сэтгэлээ зориулж, буцаагаад яг тийм сэтгэл зүрхийг нэхдэг. Миний байгаа нь энэ. Намайг байгаагаар нь хүлээж ав. Хүлээн авч чадахгүй бол уучлаарай. Бага зэрэг дураараа, эршүүд өөрийнхөөрөө, хэнээс ч айж эмээлгүй хэлчихдэг.
-Таны дутагдалтай тал?
-Унтамхай, хайнга хэнэггүй ер нь намайг энгийн гэсэн үгээр тодорхойлж болно. Ганцхан үгээр тодорхойл гэвэл “тэнгэр”. Гэхдээ энэ үгийг тайлбар 2-3 жилийн дараа ил болох байх. Гүн утгагүй шүү /инээв/.
- Хэр их ном уншдаг вэ? Таны ширээний ном.
-Яг үнэнээ л хэлье. Би нэг их ном уншдаг хүн болох гэж уншаагүй номны нэр энэ тэр хэлэхгүй ээ. Үнэндээ би ширээний ард тогтож суухаар тийм ч тэвчээртэй хүн биш. Гэхдээ миний мэргэжил ном уншихыг шаарддаг. Тиймээс миний ширээн дээр мэргэжлийн, мэс заслын ном олон бий.
- Загварын ертөнцийн юугаар бахархдаг вэ?
-Бид хүмүүсийн стиль, гадаад үзэмжийг тодорхойлдог. Олон хүмүүст мэдээллийг түгээж байна. Хувцасны чиг хандлагыг тодорхойлогч дизайнеруудын хувцсыг хүмүүст хүргэх үүрэгтэй. Энэ бол бахархал.
-Хүндэлдэг загвар өмсөгч?
- Э.Одгэрэл эгчийг хэлнэ. Өдий хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн тайзнаа алхалж л байна. Яг л түүн шиг мөнхийн залуу байхыг хүсдэг. Тэгэхийн тулд ч хичээнэ.
- Өөрт хамаагүй гээд өнгөрөөж чаддаггүй нийгмийн асуудал?
-Жендерийн асуудал. Эмэгтэй хүнийг дорд үзэхэд дургүй. Эх хүн болж ээжийгээ ихээр ойлгон эмэгтэйчүүдийг улам их өмөөрдөг болсон. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүнд эмээлтэй морь нь эр хүнтэйгээ хамт багтдаг. Үрээ хайрлах, хүүхдийнхээ үнэрийг үнэрлээд хэвтэх амьдралын хамгийн амттай мэдрэмж. Миний охины үнэрийг гүйцэх ямар ч тансаг үнэр орчлонд байхгүй.
-Хэр өөдрөг эмэгтэй вэ?
-Миний бодлоор хүн дотроосоо цэнэглэгдэх ёстой. Би өөрийгөө зоригжуулж эрч хүчтэй болдог. Чи хүчтэй, чи зоригтой гэж өөртөө хэлж бай. Ингэхээр өөртөө итгэдэг. Дараа нь бусдыг итгүүлэх хэрэгтэй.
- Гэртээ байхдаа юу хийх дуртай вэ?
-Аль болох л тайван байхыг хичээдэг. Хатгамал нэхмэл хийнэ. Өөрөө ээж болсон ч ээждээ эрхлэх бас сайхан. Би ер нь их гэр амьтай хүн дээ. Миний амьдрал их зөв хэмнэлтэй. Би загварынхантай нийлээд доргиод байдаггүй.
- Охиноо хэдэн дүүтэй болгох вэ?
- Болж л өгвөл олон. Гурав, дөрвөн хүүхэдтэй болмоор байна. Бие л дийлдэг бол. /инээд/ Олуулаа байх сайхан. Нэг эрэгтэй бусад бүгд охин байгаасаа гэж хүсдэг. .
- Гоо сайхан, гоё байхын нууцаасаа хуваалцаач?
-Би хоолны дэглэм сахидаггүй. Амттанд маш дуртай. Хүүхдээсээ нуугаад цүнхэндээ шоколад хийж явдаг. Байнга гоо сайхны салон орж амждаггүй. Манай салонтай найзууд хүрээд ирээч гэж гуйдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнээ байнга сольдог. Атгын чинээ царай бидэнд чухал учраас чанартайг нь илүүд үздэг.
- Нууц амрагийн харьцааг юу боддог вэ?
-Миний амьдралд тийм зүйл тохиолдвол уучилж чадахгүй байх гэж боддог. Гэхдээ нөхрийгөө хорьдож цагдаад байхыг боддоггүй чөлөөтэй байхыг хичээдэг. Тухайн хүний зан араншин, амьдралын дадал зуршилтай холбоотой зүйл ч юмуу. Бид хоёр 100 хувь итгэлцдэг учраас янз бүрийн асуудал байдаггүй.
- Маргалдаад хэн нь эхэлж буулт хийдэг вэ?
-Би л их уурлаж бухамддаг даа. Манай нөхөр чимээгүй болчихдог. Тэгээд 5 минут ганцаараа сууж тайвшраад л ойлголцдог.
- Нөхөр тань энэ шагналыг яаж хүлээж авав?
- Манай нөхөр их баярласан. Намайг ойлгодог учраас хорьж цагдаад байдаггүй. Ямар ч элдэв хэл ам бидний голоор орж чадахгүй гэдгийг хэлэх гээд л байна.
- Мөнгө хайрлахгүй худалдаж авдаг зүйл гэвэл?
-Би үнэрийн хоббитой. Бага байхдаа савангийн тасагт очоод зогсчихдог байсан. Одоо үнэртэй ус цуглуулах дуртай. Ус их олон бий. Ээмэг зүүлтийн хувьд хайнга учраас зүүгээд байдаггүй. Найз нөхөддөө өгдөг.
- Хамгийн үнэтэй худалдаж авсан үнэртэн гэвэл?
-Chanel. Саяхан миний охин эмээгийнхээ зурагтыг хагалчихсан. Тэгээд би үнэртэй уснуудаа зарж охиныхоо өрийг төлсөн.
- Та мэргэжлийн ажлаа хийж эхэлсэн гэсэн. Мэс заслын дараах мэдрэмж?
-Үнэхээр гайхалтай, яг загварын тайзнаа зогсож байгаа мэт. Би үнэхээр үүнийг хийчихлээ гэж бодох мэдрэмж үнэхээр сайхан. Би чамгүй олон мэс засалд орсон.
- Таныг эрлийз гэдэг. Энэ талаар?
-Энэ бол маш тэс эндүүрэл. Миний аав Сүхбаатар аймгийнх, ээж Хөвсгөлийн цаатан талдаа. Миний нүд ногоон болохоор тэгсэн байх. Яахав ингээд л төрчихөж. Би үүнд эмзэглэдэггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Топ модель С.Ариунбилэг: Миний ээлж ирнэ гэдэгт итгэн хүлээж байсан | ||
Үзсэн: 6951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.