Шууд Chart

БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав

2017-12-15 11:16:53

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 13-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалыг дүгнэж, ирэх 2018 онд хамтран хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийн талаар санал, солилцов.

Ирэх онд төлөвлөсөн өндөр, дээд түвшний айлчлалууд тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чиндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцуулах, Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах чиглэлээр хамтран ажиллахаа талууд дахин нотлов.

Монгол, Хятадын хүмүүнлэгийн хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх оны 1 дүгээр сард, Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын уулзалт, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн хуралдаан, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг ирэх оны эхний хагаст хоёр талд тохиромжтой үед тус тус зохион байгуулах чиглэлээр ажиллахаа харилцан илэрхийлэв.

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсч манай талаас янз бүрийн түвшинд олон удаа, түүний дотор хамгийн сүүлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи нартай хийсэн албан ёсны хэлэлцээ, уулзалтын үеэр, мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Хунинтэй уулзах үеэрээ хөндөж ярьсныг дурдан, энэ талаар ойрын үед нааштай хариу хүлээж байгаагаа илэрхийлэв.

Хятадын тал Гашуунсухайт-Ганц модны боомт дээр үүсээд байгаа асуудлыг анхааралдаа авч, нааштай шийдвэрлэхийн төлөө дотоодын зохицуулалтын ажлыг хийж байгаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ өдрүүдэд төвдөө ажиллаж, монголын талын хүссэн үр дүнг гаргахын төлөө анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа хэргийн түр хамаарагч Ян Чиндуныг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй