Шууд Chart

Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна

2013-12-08 10:51:16

12 дугаар сарын эхний долоо хоногт улс оронд болсон үйл явдлын тойм мэдээллийг хүргэе. Энэ өдрүүдэд  Монгол оронд Ардчилсан xөдөлгөөн үүссэний 24 жил, Ардчиллын төлөөx намууд нэгдэж Ардчилсан Нам байгуулагдсаны 13 жилийн ой тохиолоо.  НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. 2013 онд дэлхий нийтээрээ  энэ өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Эл өдөртэй холбогдуулан онцлоход  нийслэлийн Засаг даргын 12 сарын  03-ны өдрийн А/1074 дугаар захирамжаар хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хот доторхи замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүйгээр оролцох харилцааг зохицуулах журам баталсан юм. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг биедээ заавал авч явах төдийгүй  “Тахир дутуу хүн” тэмдгийг тээврийн хэрэгслийн салхины шилэнд нүдэнд саадгүй харагдах хэсэгт байршуулах ёстой  юм.   “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг  хэлэлцэн баталлаа.  Дүүргүүдийн төсвийг задлан танилцуулахад Налайх дүүрэг 778,5 сая, Сүхбаатар дүүрэг 219,1 тэрбум, Хан-Уул дүүрэг 181,7 тэрбум, Баянзүрх дүүрэг 175,1 тэрбум, Багахангай дүүрэг 139,4 сая, Чингэлтэй дүүрэг 17,2 тэрбум, Баянгол дүүрэг 12,9 тэрбум, Сонгинохайрхан дүүрэг 6,5 тэрбум, Багануур дүүрэг 1,04 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ. Төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машиныг 21 аймагт суурилууллаа.

Арга хэмжээний нээлт аймгуудад нэгэн зэрэг болж дарга хүлээхгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ТҮЦ машинаас 11 төрлийн үйлчилгээг орон нутгийн иргэд авах боломж нээгдлээ. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн уламжлалт 30 минутаараа аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд гомдлоор  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 

Эдгээр аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгээ хэлээд дээрх аймгийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь  Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон улсын атомын энергийн агентлагт манай улс гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон. 

Тэрбээр “ Уран олборлолтоос шалтгаалж Дорноговьд тугал үхлээ, Багануурын уурхайн нүүрс цацрагийн агууламжтай байтал Засгийн газар түүнийг иргэддээ түгээж байна, Монголын төр уран олборлолтыг дэмжиж, иргэдийнхээ аюулгүй байдлын эсрэг ажиллаж байна гэх мэтчилэн олон нийтийг айдаст автуулсан мэдээллүүдэд салбарын эрдэмтэн судлаачид хариу өгөхгүй байна. Шинжлэх ухааны ололт, шинэ технологиудын хэрэглээ, үр шим, хор хохирлын талаар үнэн зөв мэдээлэл тайлбар өгөх нь та бүхний бас нэг үүрэг. Арван жил физик заалгасан хүүхэд разетканаас айдаг хэвээр төгсч байна, өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг цөмийн технологийг аюултай зүйл гэж ард иргэд маань ойлгож байна.

Шинжлэх ухаанчдын үг дутсан энэ нийгэмд хэсэг бүлэг хүн зориудаар, зохион байгуулалттайгаар цөмийн “хичээл зааж”, олон нийтийг төөрөгдүүлж байна. Иймд хагас зуун жилийн түүхээ хэлэлцэж суугаа энэ мөчөөс эхлэн эрдэмтэн судлаачид тархиндаа, ажилдаа шинэчлэл хийх хэрэгтэйг физикч Ерөнхий сайдын хувьд та бүхэнд даалгаж байна” гэж хэлснийг онцлов. Замын цагдаа нар энэ 7 хоногоос эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болилоо.  Тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх учиртай юм. Харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байна. Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх аж.

Нийслэлийн иргэд хотынхоо хаанаас ч интернетэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газар  Kewiko компанитай хамтран Улаанбаатар хотод байгаа утасгүй интернетийн үнэгүй WiFi  бүсүүдийн тоог нэмж  шинээр 99 цэгт суурилууллаа. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ой ирэх оны 09 сарын 01-нд болно. Ойг угтаж 80 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа  бөгөөд Баасан гарагт Архангай аймгийн Тариат сумын уугуул, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт удирдаач Цэгмэдийн Намсрайжавын нэрэмжит дурсамж концерт МҮОНР-ийн их танхимд болсон юм.

БНСУ-ын Чэжү хотноо зохиогддог олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй Гран при тэмцээнээс МУГТ М.Бундмаа  алтан медаль хүртлээ. Английн нийслэл Лондон хотноо болж буй 22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  бага насны ангилалд Г.Тэмүүлэн  дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогссон бол дунд насны ангилалд Б.Намуунтуул  хоёр алтан медаль хүртээд байна. 

Харин ой тогтоолтын ОУ-ын мастер Х.Хатанбаатар шүүгчийн шалгалтаа амжилттай өгч дэлхийн 20 шүүгчээс хоёрдугаарт орж ОУ-ын шүүгчийн эрхээ гардан авчээ. Засгийн газрын “11 11 төв”-д  өнгөрсөн долоо хоногт 1420 иргэн холбогдож санал хүсэлт ирүүлсэн байна. Иргэд нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбартай холбоотой асуудлаар түлхүү хандсанаас орон нутгаас ерөнхий боловсролын сургуулийн  өвлийн амралтыг цагаан сарын үеэр болгох хүсэлт цөөнгүй иржээ. 11 11 төвөөс бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухайн үед нь өөрчилж болдог гэсэн хариуг өгч байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.  12 сарын 15-ны өдөр төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа  болон 12 сарын 31-ний өдрийн баярын цэнгүүний бэлтгэл ажил хийгдэж байна.  Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
 

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй