![](/uploads/201801/news/thumb/bcc50e2d5696d56a2cdf9ec49a30045a_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай болж байна. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцов.
Зөвлөлдөх уулзалтад мөн Монголын талаас БОАЖЯ, СЯ, ХЗДХЯ, БХЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭХЯ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, америкийн талаас АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, Дотоодын авулгүй байдлын яам, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын төлөөлөгч оролцлоо.
Уулзалтын үеэр манай тал Монголын Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын тэргүүлэх зорилт, улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, түүний дотор Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зэрэг чиглэлд авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Зөвлөлдөх уулзалтаар талууд өмнөх жилийн хамтын ажиллагаагаа үнэлж дүгнэн, харилцааны цаашдын төлөв салбар, тэргүүлэх зорилтуудыг хамтран тодорхойлдог уламжлалтай.
2017 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин улам өргөжиж ирснийг талууд харилцан тэмдэглэв. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь конпакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжиж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон, АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг онцлов.
Энэхүү арга хэмжээний үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, дэмжих, батлан хамгаалах, энхийг сахиулах, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангах, “Н2” визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хэрхэн уялдаатай хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.
Мөн төлөөлөгчдийн тэргүүн нар олон улсын харилцааны өнөөгийн хандлага, түүний дотор АНД-н бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн тогтвортой байдлын талаар санал солилцов. Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын хооронд 1999 оноос хойш жил бүр улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар, Вашингтон хотод ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.