Шууд Chart

МУИС, Гаванын Их сургууль хоорондын харилцааг өргөжүүлнэ

2018-02-15 17:25:11

Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар Гаванын Их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар 2018 оны 2 дугаар сарын 12-15 ны өдрүүдэд БНКУ-д айлчилж, “Их сургууль 2018” Олон улсын дээд боловсролын конгресс болон Гаванын Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

Айлчлалын хүрээнд Гаваны Их сургуулийн 290 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Гаванын Их сургуулийн захирал Густаво Кобрейро, Латин Америкийн Их сургуулиудын холбооны Ерөнхийлөгч Хэннинг Женсен, Гаванын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал Др. Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто зэрэг албаны хүмүүстэй уулзав. Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр уулзалтад оролцов.

МУИС болон Гаванын Их сургууль хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийх, багш, оюутан, эрдэмтдийг харилцан солилцох зэрэг олон асуудлаар харилцан санал солилцож, дээд боловсролын салбарт цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх ач холбогдолтой чиглэлүүдийг тодорхойлов. Мөн Кубын биотехнологийн салбар дахь стратегийн ач холбогдолтой Генетикийн инженерчлэл, Биотехнологийн төв, сахарын өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол улсад тулгамдаад буй сахарын өвчин, гепатит В, С вирусын эсрэг хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд талууд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллах, хамтарсан судалгаа хийхээс гадна хоёр талын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг бүрдүүлж харилцан идэвхитэй ажиллахаар болов.


МУИС, Гаванын Их сургууль хоорондын харилцааг өргөжүүлнэ  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй